Тираннозавр Батаарын Түр музей ирэх намар хүртэл нээлттэй

Тираннозавр Батаарыг “Үлэг гүрвэлийн түр музей”-д авчирснаар тус музей нь гаалийн хяналтын түрбүс болох юм. Учир нь Т-Батаар үлэг гүрвэлийн олдвор анх удаа гаалийн 600 горим буюу Монголын гарал үүсэлтэй гадаад барааг Монгол Улс өөрийн болгон хүлээн авч байгаа гэсэн горимоор орж ирж байгаа юм. Тиймээс “Үлэг гүрвэлийн түр музей”-д Тираннозавр Батаарын угсралтын ажилтай зэрэгцэн гаалийн бүрдүүлэлт хийгдэх бөгөөд бараа хүлээн авах ажиллагаа болно. Тираннозавр Батаар нь өөрөө онцгой бараа учир долоон ширхэг хайрцагны алинаас нь эхлэн задална тэр хэсгээс нь бүрдүүлэлтийн ажил хийгдэх ба гаалийн ажилтанаас гадна “Үлэг гүрвэлийн төв музей”-н бүртгэл мэдээллийн санч давхар хүлээн аваад, сан хөмрөгчдөө хүлээлгэн өгнө. Угсралтын ажлыг маргааш дуусгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд угсралтын ажил дуустал тус музей гаалийн хяналтын түр бүс байх болно. Харин “Үлэг гүрвэлийн түр музей”-н нээлтийг энэ сарын 8-ны өдрийн 09 цаг 30 минутад хийж олон нийтэд дэлгэн үзүүлэх бөгөөд есдүгээр сарын 15-н хүртэл үзэгчдэд толилуулах юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ