Гааль дээр хураагдсан утлагын аппаратуудыг хүлээлгэж өгчээ

Улаанбурханаар өвчилсөн бага насны хүүхдүүдэд туслахаар Австри улсад ажиллаж амьдардаг монголчууд тус өвчний үед хэрэглэдэг утлагын 12 ширхэг аппаратыг илгээсэн билээ. Гэтэл Буянт-Ухаа дахь гаалийн байцаагчдын хүнд суртлаас болж 13 хоногийн турш аппаратуудаа авч чадахгүй, гацаад байна гэж иргэн Ж.Эрхэмбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байдаг. Уг хандивын ажлыг санаачилсан иргэнээс дээрх гаалийнхан Эрүүл мэнд, Сангийн яамнаас албан бичиг болон лицензийн тусгай зөвшөөрөл авч ирэхийг шаардсан гэдэг.
Энэ дагуу иргэн Ж.Эрхэмбаяр шаардсан лицензийг нь авахаар яам, агентлагуудад удаа дараа хандсан ч шийдэгдэлгүй олон хоногийн хугацаа алдаж буй талаараа учирлаж хэлж байсан юм. Тэгвэл тэрбээр өчигдөр энэ асуудлаар Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад хандсанаар 3-5 хоногт гардаг лицензийг 30 минутад гаргуулж авч чадсан байна. Ийнхүү тэд өчигдөр орой зургаан аймгийн нэгдсэн эмнэлэг болон ХӨСҮТ-д хандивын аппаратуудаа хүлээлгэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ