Албан байгууллагуудын мэдээлэлд хууль бусаар нэвтэрсэн этгээдүүдийг саатуулжээ
Эрүүгийн цагдаагийн газарт хэд хэдэн кибер гэмт хэрэг шалгаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “1997 онд төрсөн “Т” гэгч нь компьютерийн мэдээллийн сүлжээнд нэвтрэх зориулалт бүхий тусгай үйлдлийн систем, програм ашиглан мэдээ мэдээлэл, танилцуулга, онлайн худалдаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайтуудын серверт нэвтэрсэн байна.
Улмаар 24783 иргэн, ААН-ийн мэдээллийн санг хуулбарлан авчээ. Мөн бусдын компьютерт байгаа мэдээллийг хуулбарлан авах 12 ширхэг хортой код үүсгэгч программ бэлтгэсэн байсныг илрүүлсэн. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн 1985 онд төрсөн Х гэгч нь гадны иргэдийн гүйлгээний карт ашиглан бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байна. Түүний гэрт хийсэн үзлэгээр viza картны бэлдэц болон бусдын электрон мэдээлэл хадгалах бүхийн техник тоног төхөөрөмжийг илрүүлсэн байна. Эд мөрийн баримтыг хураан авч мөрдөн байцаах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Одоогоор хэчнээн төгрөгийн хохирол учруулсан эсэхийг хэлэх боломжгүй. Мөрдөн байцаалт үргэлжилж байна. Тиймээс дээрх гэмт хэргүүдтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагаас аж ахуйн нэгжүүдийг кибер аюулгүй байдлуудын тал дээр сайн анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөн манай арилжааны банкуудыг гүйлгээний картуудыг чип нууц кодтой болгохыг анхааруулж байна” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ