Хүн гишгэсэн олон нийтийн цагдааг ажлаас нь гаргана

Согтуу иргэнийг баривчлахдаа газар хэвтүүлэн дээр нь нэг хөлөөрөө гишгээд зогсож буй цагдаагийн ажилтны зураг цахим сүлжээнд уржигдар тархаж, харсан хүн бүрийн эгдүүцлийг ихэд хүргэсэн билээ.

Тухайлбал, “төрийн цагдаа байж эр хүний тэргүүн дээгүүр буюу нуруун дээр нь хөлөө тавьлаа. Согтуу хүн байлаа ч ингэж харьцаж болохгүй шүү дээ” гэж шүүмжилсэн иргэд олон байсан. Мөн тухайн цагдааг хэн гэдэг, аль албанд ажилладагийг нь тодруулж, хариуцлага тооцохыг шаардсан юм. Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Төрийн албаны цагдаа биш байсан. Олон нийтийн цагдаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Төрийн албаны цагдаа биш болохоор хуулиар хариуцлага тооцно гэж байхгүй.

Харин Улаанбаатар хотын цагдаагийн газраас тэр эмэгтэйг олон нийтийн цагдаагаар ажиллуулахгүй байх ёстой. Ажлаас нь гаргаж хариуцлага тооцно. Угаасаа гаргах нь тодорхой. Уг нь тэр согтуу эр ажлын байран дээр нь орж ирээд агсам тавиад байхаар нь олон нийтийн хоёр цагдаа ийм арга хэмжээ авсан юм билээ” гэв. Ийнхүү төрийн цагдаагийн алба хаагчдын нэр хүндийг унагасан олон нийтийн цагдаа эмэгтэйн ёсзүйгүй зураг олон хүний эгдүүцлийг ихэд хүргэж, өнөөдөр ч нийгмийн сүлжээнд шэйрлэгдэж шүүмжлэл дагуулсаар байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ