ЧД-ийн АН-ын дарга цагдаагийн байгууллагад дуудагджээ

Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга Д.Батмөнх бусдыг гүтгэсэн гэх зүйл ангиар дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа аж. Д.Батмөнх нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2012 онд Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын даргаар сонгогджээ. Ийнхүү сонгогдсоныхоо дараа шууд нийслэлд нэр дэвшсэн ч амжилтыг эс олсон байна. Тэрээр өнгөрсөн оны нэгдүгээр сард Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдийг нөхөн томилох дотоод сонгуулийн үеэр сонгуулийн хайрцгаа аваад зугтсан бол намын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга Л.Энхтуяа нь тамгаа авч зугтаж, нөхөн сонгуулийг явуулах боломжгүйд хүргэсэн байна. Учир нь дүүргийн намын хорооны дарга Б.Батмөнх нь гишүүдийн 50 хувийн санал авч чадаагүй, мөн Ардчилсан намаас удирдлага нь дүрмийн бус байдлаар сонгогдсон гэдэг шийдвэрийг гаргасантай холбоотой аж.

Түүнийг намын гишүүддээ халгаатай нэгэн хэмээн хэлэлцдэг бөгөөд нийслэлд нэр дэвших гэж байгаад нь тус намын зарим нөхөд нь шүүмжлэлтэй хандаж байгаа сурагтай. Дашрамд дурдахад, түүнийг баруун аймгуудад зарласан тендерүүдийг будлиантуулсан гэх хэргээр АТГ-аас шалгах бололтой.

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ