Мон-Атом ХХК-ийн ажилчдын гурван жилийн тэвчээр

Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдалтай нягт холбоотой байгууллага бол Төрийн өмчит Мон-Атом ХХК юм. Тэгвэл тус компанийн нийт 50 орчим ажилчдын амьдралд хүнд байдал үүсээд байна. Учир нь тэд 6 сараас 3 жил хүртэлх хугацаанд цалингаа аваагүй байна. Хаа сайгүй эдийн засаг хүнд байгаа ч гурван жил бүсээ чангалуулах нь ямар ч хүний тэвчээрийн хязгаарыг тас цавчихаар ноцтой асуудал. Цалингийн хэмжээг 500 мянгаар л тооцоход зургаан сар цалин аваагүй өрх гурван сая төгрөгөөр хохироод байгаа юм. Энэ бол дундаж амьдралтай өрхөд чамгүй хэмжээний орлого. Тэгвэл гурван жил хүртэлх хугацаанд аваагүй цалингийн хэмжээг тооцвол хэдий хэмжээний мөнгөн дүн гарахыг бодоод үзээрэй.
Үүнээс болж ажилчдын зарим нь орон гэргүй болох, зарим нь эмнэлгийн тусламж үйлчилгээ ч авч чадахгүй, банкны зээлд хамрагдах ямар ч боломжгүй, зээлтэй нэгэн нь өрөө төлөх ч чадваргүй болжээ. Бүр гэр бүл салах дээрээ хүртэл тулаад байгаа нь нууц биш. Гэлээ гээд тэд ажлаа хаяагүй.
Тэд асуудлаа шийдүүлэхээр жилийн туршид салбарын сайд Р.Жигжидэд 300 орчим бичиг хүргүүлсэн байна. Гэсэн ч байдал хэвээрээ. Харин тэдний хүсэлтийн хариуд нь тус компанийг Эрдэнэс Монголын харьяанд оруулж, орон тоог нь 5 болгох тухай бичиг ирүүлжээ. Мон-Атом ХХК-ийг Монгол Улсын Засгийн газрын 2009 оны хоёрдугаар сарын 11-ны өдрийн 45 дугаар тогтоолоор уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэхээр байгуулсан байдаг. Харин одоо тухайн компанийн ажилчид тэтгэмжээ аваад явах л үлдэж байгаа бололтой. Ямартай ч өнгөрсөн хугацаанд хөдөлмөрлөсөн хөлсийг нь нөхөж олгох нь шударга ёсонд нийцнэ.
Аргаа барсан ажилчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт эцсийн найдвараа тээн захидал илгээжээ. Уг захидалдаа тавдугаар сарын 15-ны дотор цалин, нийгмийн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн байгаа юм. Гэтэл Ерөнхий сайд хүртэл энэ асуудлыг тоохгүй байна хэмээн гомдол цөхрөлөө барж сууна.
Хэрэв энэ нөхцөл байдлыг нааштайгаар шийдвэрлэж өгөхгүй бол дараа дараагийн шатны арга хэмжээг аваад зогсохгүй тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ тэд дээрх бичгээрээ албан ёсоор мэдэгдсэн байна. Ингэхдээ Эрдэнэс Тавантолгойн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэтэй хамт тэмцлийн хэлбэрт орох гэж байгаа ажээ.
Гурван жил цалингийн бараа хараагүй айл өрхийн нийгмийн асуудал ямар байдалд хүрч болохыг төсөөлөхөд бэрх. Гэвч энэ дүр зураг өнөөдөр хэдийнэ биелэлээ олсны нэг жишээ бол энэ. Тэд зүгээр суугаад мөнгө нэхээгүй, төрөөс хайр халамж хүсээгүй. Зөвхөн хүч хөдөлмөрийнхөө үр шимийг л хүсч байгаа гэдгээ хэлж байгаа юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ