Лал шашинтан Лондон хотын даргаар сонгогдов

Садик Хан гэргий Саадиягийн хамт

Лейборист намаас нэр дэвшигч, пакистаны цагаачдын хүү Садик Хан Лондон хотын даргаар сонгогджээ. Ройтерс агентлаг баасан гарагт ингэж мэдээлсэн байна.

Хан энэ албан тушаалын төлөө өрсөлдөөнд ялсан анхны лал шашинтан болж түүхэнд орно. Үүнээс гадна, тэр Европын холбооны орны нийслэлийн даргын албан тушаалыг хаших анхны лал шашинтан болж байна.

“Би-би-си-гийн оросын албаны” мэдээлснээр, саналын 98,7 хувийг тоолсны дараа тэр тэргүүлжээ. Түүнийг сонгогчдын 44 хувь дэмжиж, өөр нэр дэвшигч, консерватив намын Зак Голдсмитын төлөө 35 хувь нь саналаа өгсөн байна.

Лейборист намын төлөөлөгч Лондон хотын даргын албан тушаалд 2008 оны тавдугаар сарын 4-нөөс хоёр хугацааны турш ажилласан концерватив намын төлөөлөгч Борис Жонсоны оронд сонгогдож байгаа юм.

Хүний эрхийн талаар дагнан мэргэжсэн хуульч мэргэжилтэй 46 настай Хан 2008-2009 онд орон нутгийн өөрөө удирдах ёсны асуудал эрхэлсэн сайдын алба хашиж, дараа нь тээврийн яамыг тэргүүлж байжээ.

Энэ улс төрч 1960-аад онд Пакистанаас Их Британид ирсэн ажилчны гэр бүлээс гараалтай юм. Түүний эцэг автобусны жолооч байжээ. Садик айлын тав дахь хүүхэд бөгөөд тэднийх нийтдээ найман хүүхэдтэй ажээ. Хан гэр бүлтэй,түүний гэргийг Саадия Ахмед гэдэг. Хоёр охинтой.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ