МУГЖ Т.Ариунаа бясалгал хийж, фэнүүддээ сургаал айлдах болжээ
Эрч хүчтэй, цоглог стилиэ өнөө хэр нь хадгалж яваа МУГЖ, дуучин Т.Ариунаа сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүүтэй иог бясалгалаар хичээллэх сонирхолтой болоод байгаа сурагтай. Хувийн амьдралын тал дээр чамгүй зовлон үзсэн эрхэм гавьяат маань нөхөр нь хэцүү нэртэд хэсэг хугацаанд хоригдож, дагавар хүүтэйгээ түнжин хагарч ганцаардаж шаналах үед урьд нь найз нөхөд хэмээгдэж явсан олон хүмүүс нүүр буруулсан тухай хэвлэлд ний нуугүй ярьсан байдаг.
Хэдийгээр томоохон асуудалд орооцолдсон нөхрийнх нь хэрэг өдийг хүртэл сунжирч, Т.Ариунаагийн нэр алдар ердөө л хий хоосон зүйл гэдгийг сайтар ойлгуулаад байгаа ч тэрбээр шантарч буцсангүй. Гэр бүлийн амьдралаа аварч үлдэхийг хичээсэн түүний чармайлт ч талаар өнгөрөөгүй гэдэг.
Харин сүүлийн үед сэтгэл санаагаа тайван байлгаж, сайн үйлсийн аянд идэвхтэй оролцох болсон гавьяат Т.Ариунаа өөрийн цахим хуудсаар дамжуулан сонсогч фэнүүддээ сургаал айлдаж байгаа гэнэ. Тэрбээр өнөөдөр “Бүх юм болоод л өнгөрдөг. ЗОВЛОН хаана оршдог вэ? Таны сэтгэлд л оршдог! Болж өнгөрсөн зүйлийг авч үлдэх гээд байгаа сэтгэлд л оршдог. Та л тавьж явуулахгүй байгаа учраас зовлон таниас зүүгдэн дотор тань тухална. Амьдралд өчнөөн зүйл тохиолдоно. Магадгүй зовлон гэж бодож байгаа зүйл маш том зовлонд унахаас аварсан хэрэг.
Хурааж цуглуулахын нэг зовлон
Хумхиж хамгаалахын нөгөө зовлон
Алдаж харуусахын адаг зовлон
Ахуйд хүлэгдэхийн мянган зовлон гээд л зовлонг бид сэтгэлдээ барьж хүлсээр энгийн зүйлээс АЗ ЖАРГАЛ эхэлдгийг мартаж орхидог. Тиймээс АЗ ЖАРГАЛЫН ШАЛГУУРАА НАМХАН БОЛГОЁ гэсэн Баасансүрэн ламын хэлснийг сэтгэлдээ санаж явцгаая” хэмээн сургажээ.
С.Цахиур



СЭТГЭГДЭЛ БИЧИХ