Гавьяат тамирчин О.Бурмаа польшийн бөхтэй барилдана

Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн II дахь шатны тэмцээн Турк улсын Стамбул хотын "BAGCILAR SPORTS COMPLEX". Спорт цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

48 кг-ын жинд 22 бөх зодоглож байгаагаас олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт финландын бөх Жоханна Сарианнетэй барилдана. Түүнийг ялбал бразил, узбекийн бөхчүүдийн аль ялсантай таарна. Энэ хэсэгт беларусь, норвег, польш, перугийн бөхчүүд байна.

75 кг-ын жинд 15 бөх барилдаж байгаагаас Гавьяат тамирчин О.Бурмаа эхний тойрогт польшийн бөх Дарья Ирсзулатай сугалаа таарчээ. Түүнийг дийлбэл азербайжан, энэтхэгийн бөхчүүдийн хэн хожсонтой нь хүч үзнэ. Энэ хэсэгт герман, норвег, перугийн бөхчүүд байна. Нөгөө хэсэгт оросын бөх, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Е.Букина, испанийн бөх, испанийн бөх Майдера Унда Гонсалес де Аудикана нар нэгдүгээр тойрогт таарчээ.

Олимпийн наадмын “The Second “Last-Chance” сонгон шалгаруулах тэмцээнд дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр нар, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч, Ч.Насанбат оролцож байна.

Энэ тэмцээнээс жин тус бүрт алт, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд олимпийн наадамд оролцох эрх олгох юм.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ