Абэ, Путин нар Улаанбаатарт уулзаж магадгүй
Өчигдөр буюу Баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар Сочи хотод уулзаж он удаан жил үргэлжилж байгаа газар нутгийн маргааныг шийдвэрлэх яриа хэлэлцээрийг үргэлжүүлэхээр тохиролцжээ.
Энэ маргаан шийдэгдэхгүй байгаагаас болоод хоёр орон дайны дараа энхийн гэрээ байгуулж, эдийн засгийн хамтын ажиллагаа явуулахад хүндрэл гарч байгаа юм.
Хар далайн эрэг дэх Сочи хотод Путин, Абэ нар гурван цаг уулзсан бөгөөд 30 минутад нь ганцаарчилсан уулзалт хийжээ.
Япончууд Хойд газар нутаг гэдэг, Оросууд Курилын арлууд гэдэг маргаантай бүсийг 1945 оны наймдугаар сард Зөвлөлтийн арми булаан эзэлсэн гэдэг.
Абэгийн ОХУ-д хийж байгаа айлчлал нь 2014 онд Орос Крымийг нэгтгэсний дараа Барууны авсан хориг арга хэмжээнээс хойш хийж байгаа анхны Их долоогийн нэг удирдагчийн айлчлал юм.
Газар нутгийн асуудлаар ирэх зургаадугаар сард эхний уулзалтыг хийхээр болсон байна. Путин Абэг есдүгээр сард Владивостокт болох Алс Дорнодын Эдийн Засгийн чуулганд урьжээ. Абэ уг арга хэмжээнд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлээд хариуд нь Путиныг долоодугаар сард Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах хүсэлтээ илэрхийлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ