Ж.Каплагийн асуудлыг аль эрт шийдчихсэн

Үндсэн хуулиа ч баримталсан, Цэцийн өмнөх шийдвэрүүдийг ч харсан Ж.Каплагийн асуудлыг аль эрт шийдчихсэн

УИХ-ын гишүүн Г.Уянгын гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ж.Капла нарт уучлал үзүүлсэн зарлигМонгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах тухай саналыг УИХ-аар хэлэлцэхээр болсонтой холбогдуулан Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болортунгалагаас тодруулга авав.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ж.Капла нарт уучлал үзүүлсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн УИХ-ын гишүүн Г.Уянга үзэж УИХ-аар хэлэлцүүлэхээр болоод байна. Ингэж уучлал үзүүлсэн нь Үндсэн хууль зөрчсөн асуудал мөн үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хүсэлт гаргасан этгээдэд уучлал үзүүлэх эрхтэй. Би хуульчийнхаа хувьд хэлэхэд Ерөнхийлөгчийн зүгээс Ж.Капла нарт хүсэлт гаргасных нь хувьд уучлал үзүүлж зарлиг гаргасан нь хуулийн дагуу Төрийн тэргүүний бүрэн эрх гэж үзэж байна. Ерөнхийлөгч хуулийн дагуу ял эдэлж байсан этгээдийг уучилсан нь шүүхийн шийдвэрээр ялтныг төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

-Үндсэн хуулийн Цэцээр өнгөрсөн 2015 онд Ж.Каплатай холбоотой асуудлаар гомдол ирж, Цэцийн гишүүд маргаан хянан шийдвэрлэхээс татгалзаж байсан бил үү?

-Тэгсэн. Өнгөрсөн 2015 оны 3 дугаар сард нэр бүхий иргэнээс энэ асуудлаар Цэцэд гомдол ирүүлж, Үндсэн хуулийн Цэцийн нэг гишүүнээс маргаан хянан шийдвэрлэхээс татгалзаж байсан. Мөн нэр бүхий иргэдээс Цэцийн гишүүдийн нэр дээр гомдол гаргасныг 2015 оны долдугаар сард Цэцийн гурван гишүүний зүгээс маргаан үүсгэхгүй гэсэн магадлал гаргасан. Үндсэн хуулиар Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Улсын дээд шүүх зэрэг байгууллагын онцгой бүрэн эрхийг хуульчилж өгсөн байдаг. Энэ магадлалын гол үндэслэл нь Үндсэн хуулиарзаасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч шийдвэрлэжээ гэсэн асуудлыг дурдсан байдаг. Мөн 2015 онд Батбаяр гэдэг иргэн энэ асуудлаар дахин хандаж, энэ 2016 оны нэгдүгээр сард Цэцээс маргаан үүсгэхээс татгалзсан дахин нэг магадлал гаргасан. Ингээд үзэхээр Цэцээс маргаан үүсгэхээс татгалзсан хоёр магадлал гаргасан байна.

-Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Уянгын асуудлаар Үндсэн хуулийн Цэц албан ёсныхоо тайлбарыг өгчихсөн гэж ойлгож болох уу?

-Тийм. Үндсэн хуулиа ч баримталсан, Цэцийн өмнөх шийдвэрүүдийг ч харсан энэ бол аль эрт шийдэгдчихсэн асуудал.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ