АСЕМ-д зориулан 13 гудамжийг тохижуулж байна


Долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо АСЕМ-ийн өндөр дээд түвшний уулзалтууд болно.Энэ хүрээнд нийслэл хот өнгө засаж, гудамж талбайн тохижилтоо эхлүүлжээ. Эхний ээлжид зочид ихээр зорчдог 13 гудамжийг тохижуулахаар ажил эхэлсэн байна. Чингисийн өргөн чөлөө буюу 120-ийн уулзвар, Олимпийн гудамж, Гэндэнгийн гудамж буюу Хуримын ордны урд тал, Үндэсний соёл, амралтын хүрээлэнг тойрсон зам гэх мэтчилэн үргэлжлэх юм.
Зураг төслийн дагуу Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийнхэн гэрлийн шон будах, гэрэл, кабелийн утсыг цэгцлэх, мод цэцэг тарих, явган, дугуйн замыг шинэчлэн тавихаар тохижилтын ажлыг эхлүүлсэн байна. Тарих модны тухайд гурван наст гацуур, шинэс, нарс модод байх аж.
Одоогоор Хүүхдийн ордны ард талын зам буюу Хуримын ордон, Шангри-Ла зочид буудал орох Гэндэнгийн гудамж, “Блю скай тауэр"-ийн урд талын зам буюу Жамьян гүний гудамжийн жижиг ТҮЦ-үүдийг буулгаж, явган замыг шинэчлэх ажил эд өрнөж буй юм. Бусад гудамжид тохижилтын ажил мөн хийгдэж байна. Тухайлбал паркийн зүүн талын зам буюу Олимпийн гудамжид мод тарих, явган замын хавтанг улаан өнгөөр солих ажил явагдаж байна. Харин “Хурд”хорооллын урд талын зам буюу “SS” клубээс Дүнжингаравын уулзвар хүртэл 3.5 километр дугуйн зам шинээр тавьж, хажуугаар нь цэцэг тарих гэнэ. Маршалын гүүр орох авто замыг шинэчилж, 2-3 авто замын компани ажлыг хуваан авч, одоогийн замыг хоёр тал руу өргөтгөх, хажуугаар нь явган хүний болон дугуйн зам барихаар ажиллаж байна.
Албаныхны мэдээлж буйгаар тохижилтын ажлыг ирэх сарын 10-15-ны хооронд дуусгахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ