Улаанбурханы дархлаажуулалт пүрэв гаригт эхэлнэ


Өнгөрөгч баасан гариг буюу тавдугаар сарын зургааны өдөр НҮБ-аас захиалсан улаанбурхан өвчний эсрэг вакцин иржээ. Уг вакциныг одоогоор өрхийн эмнэлгүүдэд хуваарилах ажил хийгдэж байгаа ба энэ долоо хоногийн Пүрэв гаригаас эхлэн улс орон даяар дархлаажуулалт эхэлнэ хэмээн ХӨСҮТ-өөс мэдээллээ. Дархлаажуулалтад, 18-30 насныханыг хамруулахаар төлөвлөж байгаа ба 624 мянган тун вакцин ирээд байгаа аж. Тиймээс дээрх насны залуусыг энэ сарын 12-25-ны өдрүүдэд харьяа өрхийн эмнэлэг дээрээ очиж вакциндаа хамрагдахыг зөвлөж байна.
Өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотод нийт 12 төрлийн халдварт өвчний 169 тохиолдол бүртгэгдсэнээс цусан суулга 83, салхинцэцэгийн 19, улаанбурханы найман тохиолдол батлагджээ. Эрүүл мэнд спортын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн үнэлгээний төвөөс халдварт өвчний хамшинж, сэжигтэй тохиолдлын мэдээлэлтэй холбоотой тандалтын арга хэмжээ боловсруулж эхэлжээ. Сүүлийн үед халдварт өвчний сэжигтэй тохиолдлуудаас цочмог цусархаг суулгалтын хамшинж зонхилж байгаа нь урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Хүйтэн сэрүүний улиралд томуу томуу төст өвчний дэгдэлт ихэсдэг бол дулааны улиралд гэдэсний халдварт өвчин зонхилдог байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ