Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч хууль зөрчжээ

Сүүлийн үед ХХААЯ болон газар тариалан эрхлэгч зарим ААН-үүдийн хооронд импортоор оруулж ирж байгаа улаанбуудайн үрийн чанарын талаар маргаантай асуудал гарч, шуугиан дэгдээгээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан МХЕГ-аас байр сууриа илэрхийллээ.
Мэдээллийн эхэнд тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж тухайн байгууллагын болон улсын байцаагчийн нэр төрд халдах болсон талаар дурдсан юм. Мэргэжлийн хяналтын байгууллага нь урьд жилүүдэд ч ХХААЯ болон газар тариалан эрхлэгч ААН-үүдийн дунд үүссэн аливаа маргааныг эцэслэн дүгнэлтээ гаргасаар ирсэн. Тиймээс энэ удаад ч мөн асуудлыг таслах ёстой хэмээн үзэж хэвлэлийнхэнд ханджээ.
Маргаан гарах болсон шалтгааныг тайлбарлахдаа, 2016 оны дөрөвдүгээр сарын 19-нд үед үрийн будаанаас дээжийг анхлан авч шинжилсэн байна. Ингээд ямар нэгэн шийдвэр, хариу дүгнэлт гараагүй, Тариалан Эрхлэлтийг Дэмжих Санд албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байхад, өөрөөр хэлбэл, манай нутаг дэвсгэрт гадаадын өмч хэвээрээ, гаалийн лацтай байхад нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд буюу Мэргэжлийн хяналтын улсын байцаагч н.Цэрэндулам, н.Бямбадорж нар вагоны лацыг зөвшөөрөлгүй хөндөж, дээж авснаас энэ маргаантай асуудлууд үүсэх болжээ.
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын энэ үйл ажиллагаа өнөөгийн дагаж мөрдөж байгаа хуулийг ноцтой зөрчсөн байна. Уг нь мэргэжлийн хяналтын байгууллага үрийн буудайнаас дээж авах, шинжилгээнд явуулах нь хуульд заасан үндэслэл, журамтай. Тухайлбал, дээж авахдаа шалгуулагч иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн төлөөллийг байлцуулах, бүтээгдэхүүнээс дээж авсан тэмдэглэлийг гурван хувь үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулахаас эхлээд хэд хэдэн тодорхой журмыг мөрддөг байна. Гэтэл эдгээр журмыг дээрх ажилтнууд шууд зөрчиж, дангаараа дур мэдэн шинжилгээ авсан юм байна. Гаалийн албан ёсны лацыг хөндөнө гэдэг бол мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд байж болшгүй том алдаа гэдгийг МХЕГ-ын удирдлага хэлж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Гааль, татварын ерөнхий газар, Дархан-Уул аймгийн гаалийн газраас албан бичиг ирүүлжээ. Уг бичигт МХЕГ-ын ургамал хамгааллын хорио цээрийн хяналтын улсын байцаагч Бямбадорж, Цэрэндулам нар 2016 оны дөрөвдүгээр сарын 19-ний Гаалийн хяналтанд байгаа ТЭДСангийн үрийн будаа ачсан тээврийн хэрэгслийн Гаалийн битүүмжлэл лац ломбыг тасдаж дээж авсан нь хууль зөрчиж байна гэжээ. Үүгээр энэ асуудал хууль зөрчсөн гэдэг нь батлагдаж байгаа юм. МХЕГ-ын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж хэлэхдээ “Харамсалтайгаар хэлэхэд, манай Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлага, бусад ажилчид энэ асуудалд оролцсон. Гаалийн байгууллагын бүрэн эрхэд халдаж, лацыг нь эвдэж байж болшгүй алдаа гаргасан байгаа юм. Хэдийгээр мэргэжлийн хяналтын байгууллагын нэр төртэй холбоотой асуудал байгаа ч гэсэн үнэнийг хэлэх ёстой. Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газар, мэргэжлийн хяналтын улсын байцаагч, мэргэжлийн хяналтын удирдлага Цэрэндулам ийм ноцтой алдаа дутагдал гаргаж байгаа 2 дахь удаагийн асуудал. Өмнө нь ОХУ-аас оруулж ирсэн 6 вагон үрийн будаанд дур мэдэн гүний гааль хил хорио цээрийн хяналт шалгалтад хамруулахгүйгээр халдсан явдал гарсан. ” гэдгийг тэмдэглэлээ.
Ер нь МУ-ын хилээр нэвтэрч байгаа ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг Хилийн хорио цээрийн хяналт шалгалтанд хамруулахгүйгээр дээж авна, дүгнэлт гаргана гэсэн ойлголт байж болохгүй. Ямартай ч тус байгууллагын ажилчид алдаа гаргасныг ийнхүү удирдлага нь батлан мэдэгдлээ. Харин дээрх хууль зөрчсөн үйлдэлд ямар хариуцлага хүлээлгэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд төрийн захиргааны албан хаагчдын хувьд зохих арга хэмжээг авах биз ээ.
Харин үрийн буудайн чанарын талаар дэгдсэн маргааны тухайд, Нямбайгаль Даваа ХХК нь Алтайская жница сортын үрийн буудайг оруулж ирж байгаа бөгөөд энэхүү сортыг манайд нутагшаагүй ба оруулж ирсэн үр нь өвчтэй, гэмтэлтэй хэмээн шүүмжлэлд өртөөд байгаа. Тэгвэл нөгөө талаас импортын уг бүтээгдэхүүнийг МХЕГ-аас 4 удаа шинжлээд өчигдөр эцсийн байдлаар тариалалтад тэнцэнэ гэсэн дүгнэлтийг гаргажээ. Гэвчтариалан эрхлэгчид уг дүгнэлтэнд итгэхгүй байгаа бөгөөд хожим ямарваа эрсдэл учирч, хохирол гарвал хариуцлагыг хэнээс нэхэх вэ гэсэн асуулттай байна. Учир нь Нямбайгаль Даваа гэх компанийг Ц.Шаравдоржийн хүргэнийх гэсэн яриа байгаа юм. Энэ асуудалд Ц.Шаравдорж гүтгэлэг гэсэн хариу өглөө. Тэрээр тус компанитай ямар ч холбоо сүлбээ байхгүй гэдгээ хэллээ.
Ийнхүү энэ сарын 05-наас эхлэх байсан тариалалт талуудын үл ойлголцлоос болж тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. “Милл хаус” компани өнгөрсөн амралтын өдрүүдэд нийлүүлэх ёстой 2000 тонн үрийн буудай буюу 30 вагон буудайныхаа 25 вагоныг одоогоор Монгол Улсад оруулж иржээ. Үүнээс 12 вагон үрийн буудайнаас дээж авч, шинжилгээнд өгчээ. Шинжилгээний хариу эцсийн байдлаар тогтоогдбвол буудай авахаар захиалга өгсөн 200 тариаланчдад ТЭДСангаас зээлээр олгох юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ