“Импортоор оруулж ирж байгаа үрийн буудайд ямар нэгэн асуудал байхгүй”


ХХААЯ-наас квотоор олгож байгаа импортын үрийн улаанбуудайтай холбоотой үүсээд байгаа асуудлаар МХЕГ-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тодруулбал “Нямбайгаль даваа” компанийн оруулж ирсэн үрийн улаанбуудайтай холбоотой асуудалд мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд тайлбар хийсэн юм.
МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж "Сүүлийн үед Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас /МХГ/ ХХААЯ-наас квотоор олгож байгаа үрийн улаанбуудайтайтай холбоотой дүгнэлтийн талаар цахим ертөнцөөр цацагдсан. Үүнд МХЕГ-аас байр суурь илэрхийлье. “Нямбайгаль даваа ХХК-нь ХХААЯ-ны квотын дагуу ОХУ-аас "Алтайская-530" сортын үрийн буудайн шинэчлэн сайжруулсан сорт буюу “Алтайская жница” сортын үрийн улаанбуудай оруулж ирсэн байгаа. Тус компанийн захирал эсвэл холбогдох хүмүүс нь манай хамаатан гэсэн мэдээлэл гарсан байсан. Энэ нь худлаа ташаа мэдээлэл юм. Мөн Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч Цэрэндулам гаалийн лацадсан байсан үрийн улаанбуудайгаас зөвшөөрөлгүйгээр дээж авсан. “Нямбайгаль даваа” ХХК-ны төлөөллийг байхгүй байхад шинжилгээ хийж, хуурамч дүгнэлт гаргасан. Энэхүү байдал нь МХЕГ-ын нэр төрөнд халдаж, удирдлага болон байцаагчид нь хуулийг зөрчсөн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Бид хуулийн дагуу зохих ёсны арга хэмжээг авах болно. Хуурамч дүгнэлтийн дагуу энэ сарын 03-нд ЦЕГ-ын ахлах байцаагч н.Сэргэлэн нь ТЭДС-ийн Хөтөл салбарт ирж, шинжилгээнд өгөх дээжийг албан ёсоор авсан. Ингээд энэ сарын 04-нд дээжийг МХЕГ-ын Нэгдсэн төв Лабораторид өгөх байсан боловч ахлах байцаагч ирээгүй бөгөөд одоог хүртэл холбогдож чадахгүй байна.
Эцэст нь хэлэхэд “Нямбайгаль Даваа” ХХК-иас импортоор оруулж ирсэн үрийн улаанбуудайнаас энэ сарын 04-ны өдөр Гаалийн газрын төлөөллийн хяналттайгаар дээж авсан. Ингээд өнөөдрийг хүртэл дөрвөн удаа МХЕГ-ын нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхэд, "Ямар нэгэн асуудал гараагүй болон Монгол Улсад тарьж болно. Гагцхүү цэвэрлэх /30 хувь/ шаардлагатай" гэсэн дүгнэлт гарсан. Одоогийн байдлаар 29 вагон үрийн улаанбуудайг тариаланчдад тарааж дууссан байгаа" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ