Г.К.Жуковын болон Зөвлөлтийн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр Аугаа их Эх орны дайны ялалтын 71 жилийн ой тохиож байна. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов болон Беларусь улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Казахстан улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, Оросын ард иргэд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, ЗХУ-ын Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүллээ.
Оросын ард түмэн дайнд баатарлагаар амь үрэгдсэн аав, ах дүүсийнхээ зургийг тэврэн хүндэтгэл үзүүлж байв. Хүндэтгэлийн арга хэмжээний дараа Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэвлэлийнхэнд "Найрамдалт ах дүүс болох Оросын Холбооны Улсын ард түмэн, генерал, офицер, ахлагч, түрүүч байлдагч нар, дэлхийн улс орны эрхэмсэг зочид, төлөөлөгчид та бүхэнд мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Зөвлөлт-Монголын ард түмний найрамдалт харилцаа тэртээх 1921 онд Монголд өрнөсөн ардын хувьсгалаас улбаалан, улмаар түүхийн он цагийн хэлхээнд бэхжиж, 1939 оны Халхын голын дайнд хамтран байлдаж, ялалтын уухайг өргөлцөж байсан билээ.
Өнгөрсөн онд бид Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн өнгөрүүлсэн төдийгүй Москва хотын Улаанталбайд болсон “Цэргийн ёслолын жагсаал”-д анх удаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын бүрэлдэхүүн оролцож, Москва хотын Улаан талбайд жигдрэн жагссаныг өнөөдөр дахин онцлоход таатай байна. 1945 оноос өнөөг хүртэлх хугацаанд Орос-Монголын харилцаа, тэр дундаа цэрэг, армийн түүхэнд олон тэмдэглэлт, эргэн дурсагдах үйл явдлууд байсан бөгөөд Монголын ардын армийг өргөтгөн зохион байгуулахад зэвсэглэл, байлдааны техник хэрэгслээр хангасан, цэрэг, дарга нарыг цэргийн эрдэмд шамдан боловсроход бүх талаар тусалж байсан зэргийг онцлон тэмдэглэж байна" гэсэн юм.
Хүн төрөлхтөний түүхэнд гай гамшиг учруулсан II дайны нэг том хэсэг нь Зөвлөлтийн ард түмний Аугаа их эх орны дайн билээ. Энэ дайн нь ОХУ болон Монгол Улсын түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн, хоёр орны ард түмний найрамдлын нэгэн алтан хуудас болон мөнхөрсөн билээ.
Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид сайн дураар туслах хөдөлгөөнийг дайн эхэлсэний маргааш өдрөөс нь эхлэн олон хэлбэрээр өрнүүлж, “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор дайны жилүүдэд ажиллаж, амьдарч байсныг дурдахгүй байхын аргагүй. Энэхүү тусламжийг улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, үзэл суртлын хүрээгээр тодорхойлж болох ба хэлбэрийн хувьд хүнс, хувцас, агт морь, мал, мөнгө төгрөг, алт үнэт эдлэл, зэвсэг техникээр туслах зэрэг биет тусламж, захидал илэрхийлэлт бичих, тус улсад амьдарч буй Зөвлөлтийн иргэдэд тэтгэвэр, тэтгэмж олгож байсан гэх зэргээр сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ