Офшорчид улам олшрох бололтой

Офшор бүсэд данстай улс төрчид болон бизнесмэнүүдийн нэр нэлээд хэдээр нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Энэ асуудал дээр ӨБХ, АТГ, ТЕГ-аас ажлын хэсэг ажиллаж байна.

Маргааш Панамын офшор бүс мэдээллээ ил болгож, Монголын офшор данстануудын мэдээллийг илгээхээр болжээ. Төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн хүмүүсийн офшорт байгаа данс, дансны мэдээлэл олон нийтийн сонирхлыг татаж, хүлээлт үүсээд байгаа билээ. Энэхүү мэдээлэл нь монголын иргэдийн татварын мөнгө хаашаа урсаж байгааг илтгэх учиртай юм. Өөрөөр хэлбэл, офшор бүсэд төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн хүмүүс татвараас нуугдаж, хууль бус мөнгөө нуудаг болох нь хэдийн тодорхой болсон тул хэргийн эзнийг илчлэх энэ ажил нийгмийн анхаарлын төвд оршиж байна. Энэ утгаараа манай улс офшортой тэмцэх Олон Улсын байгууллагатай нэгдсэн билээ.

Өнөөдрийн байдлаар хэвлэл мэдээллээр С.Баярцогт дээр нэмж хоёр хүний нэр цацагдлаа. Тодруулбал, "Wisdom International Holdings" гэх компанийн нэрээр бүртгэлтэй Янсанжавын Очирсүхийн нэр ил боллоо. Мөн "Eiffel View Universal Holdings" гэх нэрээр бүртгэлтэй Борхүүгийн Дэлгэрсайхан гэх Монгол Улсын иргэн байна. Эдгээр эрхмүүдээс гадна Монголд бүртгэлтэй хоёр компанийн нэр тодорхой болжээ. Үүнд "Mongolia Yiluohe Steel and Iron Mining Company Limited", "Mongolia Gobiceke Energy Ltd" гэх компаниуд байна. Эдгээр компаниудын эзэд нь хоёулаа хятад хүн байгаа аж.

Ямартай ч маргааш өглөө "Panama papers" дахин нууц мэдээллүүдээ дэлгэж эхлэх бөгөөд үүгээр офшорчдын тоо хэдээр нэмэгдэх нь тодорхой болох буй за.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ