"Хуулийн байгууллагад хандана"


Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь монголын цагаар өнөөдөр 03.00 цагт /05.09/ нийтэд зарласан. Энэхүү материалд манай улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэн юм. Энэхүү мэдээлэлд УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарын нэр дурдагдсан шалтгааныг тэд тайлбарлаж мэдээлэл хийлээ.
Сү.Батболд: Надад оффшор данс байхгүй
-Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу улстөрчид бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцох ёсгүй.Гэхдээ хөрөнгө оруулагч байж болно. Хувьцаа худалдан авч хөрөнгө оруулах эрх нь нээлттэй гэсэн үг. Миний хувьд энэ ажил хуулийн хүрээнд явагдсан. Оффшор компанитай холбоотой асуудал яригдлаа. Хөрөнгө оруулалт хийсэн “Бату майнинг” компани Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж ирсэн компани. Хоёрдугаарт, энэ компанид бид орохдоо ямар нэгэн байдлаар нууцаар ороогүй. Улстөрчид хувьцаа эзэмшиж болно гэсэн хуулийн хүрээнд асуудал өрнөсөн. Нуух хаах шалтгаан байхгүй учир нэр дээрээ энэ ажиллагаанд оролцсон. Үүний дараа ямар хэмжээний хувь эзэмшиж байсан бэ асуудал хөндөгдөнө. “Бату майнинг” компанийн 11,9 хувийг нь миний бие 2003 онд 18 мянга 771 ам.доллартой тэнцэх хэмжээний хувьцаа худалдаж авсан байдаг. Тухайн үеийн ханшаар бол 21 сая төгрөг. Энэ мөнгө хаанаас гарсан бэ гэвэл 2004 оны нэгдүгээр сарын 5-ны Капитрон банкны хувийн данснаас шилжсэн. Энэ хувийг авахдаа ямар нэг ойлгомжгүй эх үүсвэр татсан асуудал байхгүй гэсэн үг. Үүний дараа буюу 2005 онд “Бату майнинг” компанийн үйл ажиллагаа ойлгомжгүй байсан учир хувьцаагаа өртөгөөр нь зарж, тус компаниас гарсан. Гуравдугаарт, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ тухай тусгасан уу гэсэн асуудал яригдаж таарна. Хөрөнгө орлогоо мэдүүлэх хууль 2007 оноос мөрдөгдөж эхэлсэн учир энэ тухай мэдүүлэх шаардлага үүсээгүй байсан. 2007 оны хөрөнгө мэдүүлэгтээ би бүх эзэмшиж ирсэн, өөрөөр хэлбэл 1992 оноос байгуулсан “Алтай холдинг”, “Алтай трейдинг” компанийн талаарх хөрөнгө орлогоо мэдүүлсэн. Үүнээс мүзэхэд хувьцаа худалдаж аваад буцааж зараад номоор нь эх үүсвэрээ гаргасан энгийн л нэг бизнесийн үйл ажиллагаа. Түүнээс оффшор компани өөрөө байгуулаад данс эзэмшээд байгаа асуудал байхгүй. Оффшор компани, оффшор компанийн данс Д.Цогтбаатар бид хоёрын нэр дээр байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Эл асуудлаар хууль хүчний байгууллагад хандаж, Сү.Батболд, Д.Цогтбаатар нар хууль зөрчсөн эсэхийг шалгуулна” гэв.
Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар:Би 11 сая төгрөгийн хувьцаа аваад худалдсан. Хууль зөрчөөгүй
-Надад оффшор данс байхгүй. Би Австралид төгссөн. Австрали найзууд надад хөрөнгө оруулалттай компанид ажиллах саналыг тухайн үедээ тавьж байлаа. Ер нь гадаадын хөрөнгө оруулалттай компанийн 80 гаруй хувь нь оффшор компаниудаас орж ирдэг. Гадны хөрөнгө оруулалтыг наашаа татахад эхлээд оффшортоо хийдэг. 2003 онд ямар ч гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэггүй байсан. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг зорьсон. Оюутолгой компанийн толгой компани нь Нидерландад бүртгэлтэй оффшор компани байдаг. Миний зүгээс 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд гарсан. Тухайн үед ХОМ мэдүүлдэггүй байсан. ХОМ 2007 оноос мэдүүлдэг болсон. Харин би ХОМ-д өөрт байгаа хувьцаагаа нэгд нэгэнгүй мэдүүлдэг. Өөр ямар ч зүй бус зүйл байхгүй хэмээлээ.
Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Оффшор данстай гэж нэр нь бичигдсэн Сүхбаатарын Бат-Очир гэдэг хүн Сү.Батболд гишүүнтэй холбоотой юу?
Сү.Батболд: -Сүхбаатарын Бат-Очир миний ах. Ах маань 1990 оноос бизнес хийж байгаа. Би өөрийнх нь нэр мөн эсэхийг асуусан. Өөрөө шалгаж үзье гэсэн. Би ахдаа “шалгуулаарай. Зөв бурууг нь тогтоолгоорой” гэсэн. Учир нь манай ах Сү.Батболд гэдэг улстөрчийн ах болоод байгаа учраас шалгуулж, олон нийтэд нээлттэй мэдээлж өгөөрэй гэсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ