Офшорчид С.Баярцогтын замаар алхах уу

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн офшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь дэлгэж, ээлжит дуулианыг дэгдээгээд байна. Манай улсаас анх тухайн үед УИХ-ын дэд дарга байсан С.Баярцогтыг офшор бүсэд данстай хэмээн илчилсэн. Ингэхдээ бүр “хятадын” хэмээн тодотгосон нь олны дургүйцлийг хүргэж нэлээд шуугиан дэгдээсэн. Хятад тодотгол нь одоог ч хүртэл байгаа нь С.Баярцогтын тухайд хөндүүр сэдэв байсаар. Гэхдээ энд онцлоход тэр үед С.Баярцогт албан тушаалаасаа өөрийн саналаараа татгалзаж байсан гэдгийг бас санах хэрэгтэй.
Тэгвэл өнөөдрийн мэдээллээр нэр нь тодорсон, холбогдсон олны танил, тэр тусмаа нэртэй улстөрч, бизнесменүүд, спортынхон, төрийн албаны эрхмүүд дотроо юу бодож, ямар байр суурьтай байгаа нь сонин байна. Ямартай ч “цоллогдогсод” эхнээсээ олон улсын эрэн сурвалжлагчдын ажлыг үгүйсгэж, офшор бүсэд дансгүй хэмээн мэдээлэл хийж эхлээд байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэд мэдэгдэлдээ ямар нэгэн байдлаар тодорхой нэр бүхий компаниудад хөрөнгө оруулалт хийсэн нь үнэн, зарим нэг нь офшор данстай байснаа хүлээн зөвшөөрөх авч, хожим нь бүгд гарсан, больсон гэх. Гэтэл өрнөдийн сэтгүүлчид офшор дансанд огт хамааралгүй болсон гэх эрхмүүдийн нэрсийг үндэслэлгүйгээр мэдээлэх учир зүйн шалтгаан байхгүй байлтай. Тэдэнд монголчуудын дунд эдгээр хүмүүсийн нэр хүндийг унагах ямар нэгэн ашиг сонирхол бий гэж үү.
Ингээд энэ асуудлын эцсийн үзүүр бүдгэрсээр, асуултууд ар араасаа хөвөрсөөр. Хамгийн гол нь нэгэнт нэр нь тодорсоны хувьд аливаа нэг хариуцлагын тогтолцоог иргэдийн зүгээс хүсч байгаа нь мэдээж. Тэгвэл тэдэнд хэн, хэзээ ямар хариуцлага тооцох вэ? Эсвэл тэд өөрөө өөрсдөдөө хариуцлага хүлээлгэж С.Баярцогтын замаар алхаж албан тушаал, байр сууриасаа татгалзах болов уу? зэрэг асуултууд олны анхаарлын төвд орлоо. Ийнхүү офшорчид сонгуульд нэрээ зүтгүүлсээр байх уу, эсвэл эх орончийн зангараг гаргаж эрхэм сэнтийгээсээ татгалзах уу гэдгийг одоо бид хүлээж, цаг хугацаа харуулах л үлдлээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ