10 сартай хүүг хэрцгийгээр зодсон багшийн хэргийг мөрдөн байцаалтад буцаав

Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч арван сартай хүүхдийг хооллохдоо хэрцгийгээр зодож, загнаж байсан бичлэг өнгөрсөн оны 11 дүгээр сард цахим сүлжээгээр тарж багагүй шуугиан дэгдээсэн билээ. Уг хэрэг болсон "Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийг түр хугацаагаар хаагаад байсан бөгөөд үйл ажиллагаа явуулах эрхийг нь бүр мөсөн цуцалжээ.

Хүүхэд зодсон багш О-д холбогдох хэргийг Дундговь аймгийн цагдаагийн газраас шалгаж дуусаад Эрүүгийн хуулийн 181.1- р зүйлд заасны дагуу яллах дүгнэлттэйгээр прокурорт шилжүүлсэн байна. Прокурорын байгууллагаас мөн яллах дүгнэлттэйгээр хэргийг Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Бага насны хүүхдийг зодсон багшийг 2016 оны 03-р сарын 24-ны өдрийн 10 цагт шүүх байв. Гэвч шүүх хурлыг 2016 оны 04 сарын 21-ны өдрийн 10 хүртэл хойшлуулжээ. Учир нь хохирогчийн өмгөөлөгч өвчтэй болохоор ийнхүү хойшлуулсан байна. Улмаар шүүх хурал 04-р сарын 21-ны өдөр болж уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ