Зулцэцэгийг Чикаго хотын телевизээр зарлуулсан

АНУ-д алга болсон, Монгол Улсын иргэн Зулцэцэгийн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.
-АНУ-д алга болсон Зулцэцэг гэх эмэгтэйн асуудлаар яамны зүгээс холбогдож нэмэлт тодруулга авсан уу?
-Чикагод амьдарч байсан Зулцэцэг дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс сураггүй алга болсон. Вашингтон дахь Элчин сайдын яамнаас түүний хэргийг шалгаж байгаа бөгөөд хотын цагдаагийн газартай байнга холбогдож байгаа. Одоогийн байдлаар ямар ч мэдээлэл ирээгүй байна. Элчин сайдын яамнаас Зулцэцэгийг эрэн хайх ажиллагааг өргөжүүлэх хүсэлт тавьсны үндсэн дээр Чикаго хотын орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан. Одоогоор тодорхой үр дүн гараагүй байна.

-Хамгийн сүүлд Зулцэцэгийг харсан гэрчүүд гарч ирээгүй юу?
-Баримтаар нотлогдсоноор Зулцэцэг хамгийн сүүлд АТМ-аас мөнгө авч байгаа нь камерын бичлэгт үлдсэн байсан. Одоогоор өөр мэдээлэл өгөөгүй байна.
-Өмнө нь ер нь манай улсын иргэн сураггүй алга болсон тохиолдол гарч байсан уу?
-Манай улсын 38 иргэн ор сураггүй алга болсон гэсэн мэдээлэл бидэнд бий. Эдгээрээс олдоогүй удсан нь 15 жил болсон байна. Консулын газраас бид байнга иргэдтэйгээ холбоотой мэдээллүүдийг авч, алга болсон иргэдийнхээ талаар тасралтгүй хүсэлт явуулдаг. Үүний үр дүнд сарын дотор сураггүй болсон хоёр иргэнийг олж байсан.
-Сураггүй болоод байгаа Зулцэцэгийн асуудлаар манайхаас эрлийн ажиллагааг яаравчлуулах хүсэлт гаргасан уу?
-Бидний зүгээс Вашингтон дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд эрлийн ажиллагааг өргөжүүлэх хүсэлт тавьсан. Энэ хүрээнд АНУ дахь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Зулцэцэгийг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.
-УИХ-ын сонгуульд гадаадад байгаа Монгол иргэд хэрхэн оролцох вэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Харамсалтай гэж хэлэхээр юм болж байна. Яагаад гэвэл өнгөрсөн сонгууль намын жагсаалтаар сонголтоо хийсэн учраас гадаадад байгаа иргэд анх удаа сонгуульд оролцсон. Өнөөдрийн байдлаар 150 мянган иргэн гадаадад сууж байна. Сая Үндсэн Хуулийн Цэцээс гаргасан шийдвэрээс болоод гадаадад байгаа иргэд сонгуульд оролцох боломжгүй болсон. Бид уг нь бүх бэлтгэлээ хангачихсан байлаа.
-Зарим улсад аяллын визээр гарахыг хориглох шийдвэр гарсан юм уу?
-Манай талаас иргэдээ аль болох чөлөөтэй явуулах шийдвэр бодлого барьдаг учраас хориглох шийд гаргаагүй. Харин бид хоёр жилийн өмнөөс 42 орныг визгүй болгох хөтөлбөр зарласан байсан. Өнгөрсөн жилээс энэ хөтөлбөрийг больсон. Учир нь манай иргэдийг визнээс хөнгөлөх алхам хийгдээгүй бөгөөд жуулчны тоо нэмэгдэж чадаагүй. Мөн АСЕМ-ын аюулгүй байдлыг хангахын тулд тийм шийд гарсан байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ