Ж.Батзандан :“Оффшорын эсрэг хууль батлах ёстой”

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг өчигдөр нийтэд зарласан. Энэхүү материалд манай улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэн юм. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ.

Тэрээр “Өргөдлийн байнгын хороо УИХ-аас Авлигатай тэмцэх газарт албан ёсоор Хуулийн хэрэгжилт хянан шалгуулах тухай албан тоотыг өнөөдөр явуулж байна. Энэ албан тоотыг улстөрчдийн болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийн оффшор дансны мэдээллээ, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгасан эсэх, хуулийн дагуу татвараа төлсөн эсэх, хууль ёсны мөн, үгүйг тодруулахаар хуулийн дагуу хүргүүлж байгаа юм. Авлигатай тэмцэх газар 14 хоногийн дотор бидэнд хариу ирүүлэх ёстой. Панамын оффшорын мэдээлэл задарсантай холбоотойгоор Дэлхийн томоохон орнууд мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлсэн байна. Монгол Улс ч мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлэх ёстой. Хоёрдугаарт, 2013 оны нэгдүгээр сард өргөн барьсан Оффшорын эсрэг хуулийн төслийг дахин хэлэлцүүлэгт оруулахаар болж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд оффшорт мөнгө хадгалах, данс нээхийг энэ хуулийн төсөл дээр хориглож өгсөн байсан. Мөн тэдний хамаарал бүхий этгээд офшорт данс нээх, мөнгө хадгалах, хөрөнгөө нуух, татвараас зугтахыг уг хуулийн төсөл дээр хориглосон. Гэтэл УИХ энэ хуулийн төслийг гурван жил дарсан. Үүний дүнд офшорт мөнгө нуудаг далд зуршил арилаагүй байсаар байна. Тиймээс УИХ-ын болон ТББХ-ны даргатай ярилцаж дахин хэлэцүүлэгт оруулахаар болсон” гэж мэдээллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ