Улаанбурханы вакцинд 18-30 насныхан заавал хамрагдах шаардлагатай
Өнөөдөр Эрүүл мэнд спортын яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатай, дархлаажуултын аяны талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай улсад улаанбурхан өвчний дэгдэлт ихэсч хүн амын өвчлөл нэмэгдэж байна.
Тиймээс ХӨСҮТ-өөс өвчний тандалт судалгааг хийж эрсдэлд бүлгийг дархлаажуулалтад хамруулахаар болсон ба маргаашнаас буюу 5-р сарын 12-ны өдрөөс улс орон даяар улаанбурхан өвчний вакциныг хийж эхэлнэ.Дархлаажуулалтад, 18-30 насны 624 мянга орчим залууг хамруулахаар төлөвлөөд байгаа юм.
Тодруулбал, их дээд сургууль, коллежийн оюутан, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсад, цэргийн албан хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүмүүжиж буй иргэд болон байгууллага аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид, ажил эрхлээгүй 18-30 насны иргэд хамрагдана. Уг дархлаажуулалтыг заавал хийх дархлаажуулалтын тогтолцооны дагуу зохион байгуулах ба дээрх иргэд вакцинаа өрх, сумын эмнэлэгүүдээс гадна, байнгын болон түр цэгүүдээр хийлгэнэ.Мөн хорих анги, цэргийн анги, хилийн боомтуудад явуулын баг ажиллахаар болжээ. Харин жирэмсэн эмэгтэйд вакцин тарихгүй ба энэ насны эмэгтэйчүүдийг вакцин хийлгэснээс хойш нэг сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөж байгаа юм.
Манай улсад 600 мянга гаруй 18-30 насны залуучууд байдаг. Эдгээр залуус нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог хөдөлгөөнт хүн ам, бага насны хүүхэдтэй залуу эцэг эхчүүд байдаг аж. Хоёроос гурван сартай хүүхдүүд Улаанбурханаар өвчилж байгаа нь эцэг эхчүүдийн дархлаа султай холбоотой гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч онцлов. Энэ насныхныг вакцинд хамруулснаар улаанбурханы тархалтыг бууруулах дахин дэгдэлтээс сэргийлэх боломжтой гэж үзжээ. Тиймээс 18-30 насны залуусыг вакциндаа идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг мэргэжлийн байгууллагаас уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ