“Давхар дээл”-ийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг дэмжсэнгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 78.9 хувийн ирцтэйгээр хуралдаж эхлээд байна. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн.

Тодруулбал, “УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойрогийн мандат хуваарилах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ” гэж байнгын хорооны дарга А.Бакей танилцуулсан юм. Харин УИХ-ын гишүүн Н.Батбаяр Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хасах санал орууллаа. Ерөнхийлөгчөөс санаачлан барьсан энэ хуулийн төсөлд “давхар дээл”-ийн тайлах асуудлыг тусгасан юм.

Үүнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Энэ хуулийн төсөл одоо хэлэлцэх цаг нь. Гэтэл бид УИХ-ын сонгуулийн тойрог, мандат хуваарилах асуудлыг хэлэлцэх гэж байна. Одоо энэ хуулийн төслийг хэлэлцэх батлахгүй бол дараагийн парламентаар хэлэлцэх нөхцөл бүрдэхгүй. Дахин хойшлогдоно. Дараагийн Засгийн газар байгуулагдахад давхар дээлийн асуудал дахин сөхөгдөнө гэсэн юм.

Уг хуулийн төсөл анхны хэлэлцүүлэгт бэлэн болсон талаар байнгын хорооны дарга А.Бакей тодруулахад

Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг хариулахдаа:

-Манай ажлын хэсэг 5 хүний бүрэлдэхүүнтэй. Ажлын хэсэг хуралдаад нэг зарчмын зөрүүтэй саналтайгаар Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэн бэлэн болгосон гэлээ. Ингээд Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах талаар Н.Батбаяр гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг дэмжсэнгүй. Тиймээс хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ