Эрхэм гишүүн гэмт хэрэгтнүүдийг юунд энгэж өмөөрч, хамгаална вэ

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг хүний эрх гэдэг үгээр бамбай хийж, энэ бамбайныхаа цаана гэмт хэрэг үйлдээд хоригдон шалгагдаж байгаа эрх мэдэлтэй хүмүүсийг өмөөрөн хамгаалдгийг нь одоо мэдэхгүй хүнгүй болсон гэхэд хилсдэхгүй. Уг нь бол гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн балгаар хэчнээн иргэн цэцэрлэггүй, сургуульгүй, эмнэлэггүй, орон сууцгүй, ажилгүй, эрүүл мэндгүй болж, хүний эрхээ зөрчүүлж, амь насаараа хохирч байгааг хүний эрх гэж ярих дуртай эрхэм гишүүн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч түүнд ХОХИРСОН жирийн иргэдийн эрх чухал биш, харин жирийн иргэдийг хохироочихоод хоригдон шалгагдаж байгаа хүний эрх чухал бөгөөд тэгэх нь хувийнх нь эрх ашигт нийцдэг бололтой. Ц.Оюунгэрэл гишүүн өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хурал дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын харьяа цагдан хорих төвд хоригдож байгаа сэжигтэн, яллагдагчид, мөн ялтнуудын дунд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглохын төлөө хамаг чадлаараа “орилж бархирч” байж энэ саналаа дэмжүүлжээ. Уг хуулийн гол утга агуулга нь гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн далд нууц үйлдэл, хэлхээ холбоо, арга техникийг гүйцэтгэх ажиллагаа явуулж илрүүлдэг тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх гэх мэт хууль хүчний байгууллагуудын эрхийг хязгаарласан байсан бөгөөд Засгийн газар энэ алдаагаа засч, УИХ-д оруулж ирэхэд Ц.Оюунгэрэл гишүүн буцаан хувийнхаа эрх ашгийг тулган аашилсан байх юм. Олон үйлдэлтэй гэмт хэрэг, тухайлбал эмэгтэй хүнийг хүчирхийлж, зэрлэгээр тарчилган тамласны эцэст амь насыг нь хохироох гэмт хэрэг, ээмгийг нь авахын тулд чихийг нь гэмтээх зэргээр хүний эрүүл мэндэд хор хохирол учруулж болох дээрмийн гэмт хэрэг мэтийг нийгмийн хор аюулын шинж чанарыг нь харгалзан үзэж, тэдгээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг нийгмээс тусгаарлан хорьж шалгахаас өөр аргагүй. Гүйцэтгэх ажиллагаа явуулж байж тэдгээр гэмт хэргийг илрүүлэх шаардлага бас бий. Гэмт хэргийг илрүүлэхгүй байх нь нийгэмд айдас хүйдэс дагуулдаг. Арай эрхэм гишүүн үүнийг мэддэггүй юм биш биз. Дээрх хуулийг чуулганаар хэлэлцэх үед эзгүй гишүүдийн өмнөөс кноп дарж байгах нууц бичлэг нь олонд ил болсон. Яагаад энэ эмэгтэй гишүүн гэмт хэрэг үйлдээд хуулийн дагуу шоронд хоригдон шалгагдаж байгаа эрх мэдэлтнүүдийг л хаацайлан өмгөөлж чичрээд байдаг юм бол. Арай тэр хүмүүсийн үйлдсэн хэрэгт өөрөө холбоотой юм биш биз дээ, тэр нь илчлэгдчих вий гэж айн сандран байдаг аргаа барж суугаа юм биш биз дээ гэж төрийн ордон хавиар шивэр авир гэлцэх боллоо. Ц.Оюунгэрэл гишүүнийг гадаад нөхөртэйг хүн бүхэн мэднэ. Хэнтэйгээ суух нь даяаршсан дэлхийд амьдарч байгаагийн хувьд хувь хүний эрхийн асуудал байж болох юм. Гэвч харь нөхөртэй эмэгтэйчүүдийг төрийн толгойд залах нь алс хэтдээ ямар хор хөнөөл тарьж болохыг сонгогч олон бодож тунгаан суугаа биз ээ. Гүйцэтгэх ажиллагаа гэдэг бол хэн дуртай хүний тонгочоод байдаг тоглоом биш, яриад суудаг сэдэв биш. Энэ бол Монгол төрийн нууц, дотоод аюулгүй байдал, үндэсний эрх ашигтай холбоотой асуудал. Гадаад нөхөртэй гишүүн эмэгтэй гүйцэтгэх ажиллагааны сэдвээр дур зоргоороо наадахыг бүгдээрээ хүлээн зөвшөөрөөд суух хэрэг үү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ