Б.Баатархүү: Улаанбуудайн асуудлаар зөрүүтэй хоёр мэдээллийг нь нягтлаж шалгасан

ХХААЯ-ны оруулж ирсэн импортоор үрийн улаанбуудайтай холбоотой элдэв асуудал гарсаар байна. МХЕГ-аас энэ асуудлыг улстөржүүлэхээс гадна эл асуудалд цагдаагийн байгууллагыг оролцуулан нийгэмд болон тариаланчдад буруу ташаа мэдээлэл гаргаад байгаа юм.

Тэгвэл энэ үрийн улаанбуудайтай холбоотой асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “МХЕГ-аас улаанбуудайтай холбоотой сонин мэдээлэлүүд хийгээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан албан ёсоор тайлбар хийе. Тодруулбал, зарим нэгэн улстөрчид албан тушаалтнуудаас ХХААЯ-ны захиалгаар ОХУ-аас оруулж ирсэн улаанбуудайн тараалттай холбоотой цагдаагийн байгууллагаас хориглосон үйл ажиллагааг нь зогсоосон гэх мэт ташаа мэдээллийг олон нийтэд гаргаад байна. ХХААЯ-ны захиалгаар ОХУ-аас оруулж ирсэн үрийн улаанбуудайнаас Сэлэнгэ аймгийн Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газраас дээж авч шинжилгээ өгсөн. Энэ хоёр шинжилгээний хариу дүгнэлт зөрүүтэй гарсан. Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газраас “Энэ буудайг ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан бол Дархан-Уул аймгийн МХГ-аас хоёдугаар зэрэглэлийн үрийн улаанбуудай байна гэсэн. Хүн ардын хүнсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй гэж үзсэн учир мөн зөрүүтэй мэдээллийг шалгаж үзэх үүднээс Эрүүгийн хуульд заасны дагуу цагдаагийн байгууллага улаанбуудайнаас дээж авах ажлыг зохион байгуулсан. Дээж авахдаа Тариалан эрхлэлтийг дэмжих холбоо, МХГ, гаалийн улсын байцаагч хөндлөнгийн гэрчийг байлцуулан дээж авсан. Дээжээ холбогдох шинжилгээнд хүргүүлсэн байгаа. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллага төрийн байгууллага аж ахуйн нэгжээс хураасан, битүүмжилсэн, үйл ажиллагааг нь зогсоосон, үрийн буудайг хүргүүлэхэд саад учруулсан ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Цагдаагийн байгууллага хуулийн дагуу гараад байгаа мэдээллийг нягтлах үүднээс улаанбуудайнаас дээж авах ажлыг зохион байгуулсан. Цагдаагийн байгууллага дээж авах ажиллагаанаас болж тариалан эрхлэх ажил гацсан, улаанбуудайг нь лацдаж үйл ажиллагааг нь зогсоосон зүйл байхгүй. Цаашид тодорхой албан тушаалтан, холбогдох хүмүүсээс худал ташаа мэдээлэл тараахгүй байхыг мэдэгдэж байна. Дахин хэлэхэд цагдаагийн байгууллагаас улаанбуудайнаас дээж авсан. Шинжилгээний хариу удахгүй гарна” гэлээ.

Дашрамд дуулгахад асуудал үүсгээд байгаа үрийн буудайг “Нямбайгаль даваа” ХХК нь ХХААЯ-ны квотын дагуу ОХУ-аас "Алтайская-530" сортын үрийн буудайн шинэчлэн сайжруулсан сорт буюу “Алтайская жница” сортын үрийн улаанбуудай оруулж ирсэн байгаа. Энэ компанийн эзэдтэй МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржыг ураг төрлийн холбоотой гэсэн мэдээлэл ч гарсан юм. Тэгвэл энэ мэдээллийг МХЕГ-ын дарга үгүйсгэж, “Худлаа ташаа мэдээлэл” гэдгээ хэлсэн удаатай. Харин өөр нэг баттай эх сурвалжийн хэлснээр “Ц.Шаравдоржийн хүргэн “Нямбайгаль даваа” компанитай холбоотой” гэдгийг хэлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ