Харвони эмийг ЭМДС-гаас 40 хувиар хөнгөлөх бололцоотой

Элэгний С вирусийн эмчилгээнд хэрэглэгдэж байгаа “Харвони” эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох тухай асуудлыг судалж шийдвэрлэх зорилготой Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, спортын яамны хамтарсан ажлын хэсэг Сангийн сайдын тушаалаар томилогдон ажиллаж байгаа билээ. Ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээр хоёр удаа, салбар болон чиглэлээрээ 3-4 удаа хуралдаж зарчмын шийдвэрүүдэд хүрчээ.

Ажлын хэсэг ЭМД-аас хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад орох “Харвони” эмийн хөнгөлөлтийн тооцооллыг хийж Эрүүл мэндийн даатгалын сангаас 40 хувиар хөнгөлөх бололцоотой гэсэн урьдчилсан тооцоог гаргасан байна. 80 хувь хөнгөлөхөд Эрүүл мэндийн даатгалын сан 2-3 жилийн дараа хасах баланстай болох магадлалтай аж. Мөн элэгний С вирусийн эмчилгээний эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд АНУ-ын “Гилеад сайнс” компанийн лицензээр үйлдвэрлэж буй Энэтхэг Улсын Майлан үйлдвэрийн Софосбувир эмийн хямд өртөг бүхий женерик “Ледвир” эмийг өнгөрсөн сард тус тус эмийн бүртгэлд бүртгүүлээд байгаа юм. “Ледвир” эмийг “2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс нэг сарын эмчилгээг 250 ам.доллар, нэг курс эмчилгээ буюу гурван сарын эмчилгээг 750 ам.доллараар манай улсад нийлүүлж эхлээд байна.

Гепатит С вирусийн эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг даатгалын сангаас олгох ёстой гэдэг дээр ажлын хэсэгт багтсан бүх талууд санал нэгтэй байгаа юм. Хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоохдоо Эрүүл мэндийн даатгалын сангийн дунд болон урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах хэмжээнд тогтоох, үүний тулд хувилбар тооцооллыг хийхээр тогтжээ. Мөн дунд болон урт хугацаанд ямар ачаалал гарахыг тогтоосон бөгөөд зөвхөн үнийн хөнгөлөлтөөс гадна иргэдэд очиж байгаа санхүүгийн эрсдлийг яаж бууруулах зарчмыг барьж ажилласан байна.

Элэгний С вирусийн эмчилгээний эмийн үнэ маш хурдтай бууж байгаа. Анх сарын хэрэглээ 400 ам.доллар гэж ярьж байсан бол одоо 250 ам.доллараар нийлүүлэх ерөнхий нэршлийн эмүүд ижил үйлчилгээтэйгээ орж ирээд байгаа юм. Одоо Азийн зах зээл дээр элэгний С вирусийн эмчилгээнд зориулж байгаа эм 120-150 ам.доллараар зарагддаг аж. Харин манайд энэ үнээр борлуулах нөхцөл бололцоо цаашид байгаа гэж үзэж энэ чиглэлээр хэлэлцүүлэг, мэдээлэл хийхээр төлөвлөжээ. Өвчтөнд тулгарч байгаа гол санхүүгийн ачаалал эмээс гадна оношлогоо, шинжилгээ хийлгэхдээ дунджаар 680 мянган төгрөг зарцуулж байгаа гэсэн судалгаа гарсныг чиглэл чиглэлийн яамд анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөөд байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ