"Чигчий хурууны челлэнж" эхэлжээ


Сүүлийн үед сонгууль энэ тэр, бас бусад улс орныг хамарсан үйл явдлуудтай давхцан асуудал үүсгээд байгаа нэг зүйл бол улаанбурхан өвчний дэгдэлт. Энэ өвчнөөр одоогийн байдлаар бага насны хүүхэд олон тоогоор эндэж, ХӨСҮТ, дүүргийн ЭМН, аймгийн нэгдсэн эмнэлэг, СЭМТ-үүдээр үйлчлүүлж байгаа хүн амын дийлэнх хувь нь улаанбурхан өвчнөөр оношлогдсон хүмүүс байна. Тиймээс МУЗГ-аас улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хийхээр болсон.
Манай улсад 2015 оны гуравдугаар сараас хойш бүртгэгдэж байгаа улаанбурхан өвчний нийт тохиолдлын 50 орчим хувийг 18-30 насны залуучууд эзэлж байгаа аж. Тиймээс улаанбурханы эсрэг вакциныг 18-30 насны залуучуудад хийхээр болсон бөгөөд тус вакцин нь ДЭМБ-ын шаардлагыг хангасан баталгаатай аюулгүй вакцин юм. Вакциныг 2016 оны тавдугаар сарын 12-25-ыг хүртэл 15 хоног үнэ төлбөргүй хийнэ.
Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакциныг 18-30 насны залуучуудад хийх болсонтой холбогдуулан Төв аймгийн ЭМГ, “Зөв залуус” залуучуудын клуб сошиал орчинд “ЧИГЧИЙ ХУРУУНЫ ЧЕЛЛЭНЖ”-ийг эхлүүлжээ.
Челлэнж нь Улаанбурхан, улаанууд өвчний вакцин хийлгэхийг залуучуудыг уриалах, тус өвчнийг таслан зогсооход залуусыг оролцоог сайжруулах зорилготой аж.
Тус челлэнжид нэгдсэнээр та өөрийн харьяа өрх, сумын эмнэлэгт очиж улаанбурхан, улаануудын вакцинаа хийлгэх ба эмнэлгээс таны ЧИГЧИЙ ХУРУУ-н дээр тавьсан тэмдэглэгээний зургийг дарж өөрийн facebook-т оруулан, өөрийн 3 хүртэл facebook-ийн найзаа уриалах юм. Челлэнжид дуудагдсан хүн 1 өдрийн дотор харьяа эмнэлэгт очиж вакцинаа хийлгэх ба мөн зургаа оруулж, дахин 3 хүртэл найзаа челлэнжид дуудах зарчмаар явах юм.
Залуучууд өөрсдийн эрүүл мэндийн төлөө хариуцлага хүлээж, улаанбурхан өвчнийг таслан зогсооход гар бие оролцоно гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та челлэнжид нэгдэж вакцинаа хийлгэсэн бол таны ойр дотны хүмүүс ч тэр уг өвчнөөр өвчлөх магадлал буурна гэсэн үг юм шүү гэдгийг Төв аймгийн ЭМГ, Зөв залуус клубээс сануулан уриалж байгаа юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ