Налайхын замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ болгож шинэчилнэ
-ЭНЭ ЗАМ НЭЛЭЭН АЮУЛТАЙ БОЛСОН-
Жолооч нарын хувьд хамгийн их халгадаг нь Налайх чиглэлийн зам гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Байсхийгээд осол аваарь гарч, эрдэнэт хүний амь нас эрсддэг энэхүү замыг шинэчлэх зайлшгүй шаардлага эртнээс тулгарсан. Гэвч хэрхэн засч шинэчлэх шийдлээ олж ядсаар байтал багагүй цаг хугацаа алдагдсан билээ.
Нийслэлээс энэ онд 89 төсөлд шууд хамтран ажиллаж, дэд бүтцийн салбарт томоохон бүтээн байгуулалтууд өрнүүлэхийн нэг нь Налайх чиглэлийн замыг шинэчлэх тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл, Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх 20 орчим (17.7 км, зарим эх сурвалжид мэдээллэснээр) км замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ болгох ажээ.
Энэ жил улсын болон нийслэлийн төсвөөс 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зам барилгын ажилд төсөвлөгджээ. Мөн Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 8.5 тэрбум, нийт 45 орчим тэрбум төгрөгөөр зам барилгын ажил хийгдэх юм. Авто замын барилгын ажлын тухайд 33.3 км авто замыг өргөтгөн шинэчлэх нь.
Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэлэхдээ,
"БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх дөрвөн төсөл, арга хэмжээний нэг нь Улиастайн уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж, шинэчлэлтийн төслийн санхүүжилтийг Засгийн газрын 2015 оны 458 дугаар тогтоолоор баталсан. Сангийн яам Хятадын ЭСЯ-наас ажил гүйцэтгэх компаниудын нэрийг яаралтай ирүүлэх хүсэлтээ хүргүүлээд байна. Төслийн ажлыг 2016 зургадугаар сард багтаан эхлүүлэх зорилт тавьж байна” гэв.

УИХ-аас Налайхын замд 60 сая ам.долларын хөрөнгө баталсан билээ. Д.Нанзаддорж “Өнгөрсөн жилийн есдүгээр сард Хятадын засгийн газрын тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр Налайхын замыг барих шийдвэр гарсан. Жилийн хоёр хүүтэй, 30 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдаад явбал улс орны эдийн засагт хэрэгтэй. Өнөөдрийн эдийн засгийн хямралыг давахад удаан хугацааны хөнгөлөлттэй зээл хэрэг болно. Энэ оноос л Налайхын замыг өргөтгөх талаар ярихгүй бол суурьшлын бүс нэлээд бий болчихлоо. Уг зам маань 46-47 жил болсон учраас ашиглалтын аюулгүй байдал хангагдахааргүй, хучилтын хийцэд эвдрэл гарсан. Нэлээд аюултай болсон. Аль болох хурдан хугацаанд шинэчлэхгүй л бол болохгүй” гэв.
Улаанбаатар Налайх чиглэлийн замыг анх 1960-аад онд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани барьж, ашиглалтад оруулснаас хойш өргөтгөл, шинэчлэл хийгдээгүй байна. Сүүлийн жилүүдэд зүүн аймгууд, Тэрэлжийн аялал жуулчлалын бүс рүү зорчих хөдөлгөөн ихэссэн. Тэр утгаараа зам нь ачааллаа дийлэхгүйд хүрснээс осол, гэмтэл гарах болсон тул энэ замыг шинэчлэхээр төлөвлөснийг албаны эх сурвалж хэлж байлаа.

Одоо Концессийн гэрээний дагуу гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулах ажил хийгдсэнээр барилгын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Гуравдугаар ангиллын энэхүү замыг өргөтгөн шинэчлээд, нэгдүгээр ангиллын зам болгох юм байна.
Налайхын замыг шинэчлэх ажил хэзээ эхлэх талаар Нийслэлийн Авто замын газрын Төлөвлөлт судалгааны хэлтсээс тодруулахад, Баянзүрх дүүргийн товчооноос Налайх хүртэлх замыг дөрвөн эгнээтэй болгох гэж байгаа. Энэ ажил ирэх намар эхлэх байх. Бид барилгын ажлын тендер зарлахаар төлөвлөн ажиллаж байна. Гачуурт-Улиастайн уулзвар-Баянзүрхийн товчоо-Налайх хүртэлх замыг өргөтгөн шинэчлэх юм гэв.
Мөн тус газрын Гадаад харилцаа, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн н.Хасбаатар “Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх замын ажлыг энэ жил эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Гэвч биднээс шалтгаалахгүй, хүлээгдэж буй асуудал бий. Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус улсын “Экспорт Импорт банк”-наас санхүүжилт орж ирэхийг хүлээж байна. Нийт дөрвөн эгнээ, 20.9 км замыг өргөтгөн шинэчлэх ажил хийгдэнэ. Одоо зураг төслийг нь “Эм Си Пи Си” компани хийж байна” хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ