Философийн VII улсын олимпиад болж байна

ШУА-ийн Философийн хүрээлэн, Монгол Улсын их сургуулийн Философи шашин судлалын тэнхим, Монголын Эмнести Интернэшнл байгууллага, Шинжлэх Ухаан Технологийн их сургууль хамтран 7 дахь жилдээ философи судалж буй нийт оюутнуудын дунд философийн олимпиадыг өнөөдөр МУИС-ийн II байрны А зааланд 10:00 цагаас зохион байгуулж байна.

Энэхүү олимпиадын зорилго нь орчин цагийн нийгмийн өөрчлөлт, жам ёсны эрх, цахим эрх чөлөө, цагаач, дүрвэгсдийн асуудал, цахим орчин, шашин, соёлын мөргөлдөөн, улс төр, эдийн засгийн бодлого, шийдвэр хүний эрхтэй хэрхэн огтлолцож буйд оюутнуудын санаа бодлыг чиглүүлэн ухааны цэцийг нь сориход чиглэгдэнэ. Энэ олимпиад оюутнуудад, хүний эрхийн асуудлыг философийн үүднээс эргэцүүлэн тунгаах, үндэслэл дэвшүүлэх, илтгэх, дүгнэлт гаргах чадварыг нэмэгдүүлэх, асуудалд хүний эрхийн мэдрэмжтэй хандах, бие даан шийдвэр гаргахад суралцахад туслах зорилготой юм.

Тус олимпиадад монгол улсын бүх их дээд сургуулиудын оюутан оролцох боломжтой байдаг бөгөөд энэ жилийн олимпиадад МУИС, ШУТИС, ХААИС, Ач ДС, СУИС, БХИС, СЭЗДС, АШУИС гэх мэт улсын болон хувийн их дээд сургуулиудын нийт 8 баг оролцож байна.

Энэ уралдаан нь философи, хүний эрхийн сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, оюутан залуус энэ чухал асуудалд нухацтай хандаж сурахад нөлөөлөх чухал ажил болж болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

Оюутнууд хүний эрхийг философийн нүдээр харж, нийгмийн амьдралын олон асуудал хүний оюун ухаан, сэтгэл зүй, ёс суртахуунд холбогдож байдгийг судлан эргэцүүлж, философичдын хүний эрх, шударга ёс, ёс зүйн үзэл баримтлалд онолын шинжилгээ хийж, хүний эрхийн мэдрэмжтэй, хүний эрхэд философи эргэцүүлэлтэйгээр хандах чадвартай болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ