Жирэмсэн эхчүүд улаанбурханы вакцинд хамрагдахгүй

Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг вакцинжуулалтыг өнгөрөгч пүрэв гаригаас эхлүүлсэн. Энэ удаад 18-30 насныхныг вакцинд хамруулна. Тэгвэл эмэгтэйчүүд вакцинд хамрагдахдаа жирэмсэн эсэх, жирэмслэхээр төлөвлөж буй хугацаагаа тооцох хэрэгтэй гэдгийг эмч нар сануулж байна. Вакцин нь жирэмсэн эхийн урагт төрөлхийн гажиг үүсгэх эрсдэлтэй гэж үздэг аж. Мөн жирэмсэн болохоор төлөвлөж байгаа эмэгтэйчүүд жирэмслэлтээ улаануудын вакцин хийлгэснээс хойш нэгсарын хугацаагаар хойшлуулахыг зөвлөж байна.
Нийслэлийн хэмжээнд урьдчилсан байдлаар 18-30 насны 301 мянга гаруй залуучууд нэмэлт вакцинжуулалтад хамрагдана гэсэн урьдчилсан тоо гарсан. Тэднийг вакцинд хамруулахын тулд вакцинжуулалтын байнгын цэг 142, түр цэг 641, явуулын баг 147-г ажиллуулж байна.
Иргэд өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хандаж улаанбурхан-улаанууд өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдах юм.
Иргэд “Улаанбурханы халдварын эсрэг вакцин тариулбал өвдөх үү?, Тариулсны дараа халуураад, зүүний хатгасан ормоор хавдвал яах вэ” зэрэг асуулт ихээр тавьж байна. Энэхүү асуултад эмч нар 2017 оны 11 дүгээр сард хугацаа нь дуусах вакцин тариулахад өвдөхгүй. Тариулсны дараа 2-3 хоногтоо бага зэрэг хөндүүр, зовиуртай байна гэж хариуллаа. Иймээс вакцин тариулсан залуус гурван хоногийн дотор усанд орох, даарах, тариа хийлгэсэн зүүн гарын булчингаа хөндөхгүй байхад анхаарч, шингэн юм сайн уухыг эмч нар зөвлөж байна. Хэрэв вакцин тариулсны дараа халуурвал өвчин намдаах парацитмол эмийг ууж, тариулсан газар нь хөндүүрлэж, хавдвал хүйтэн жин тавих юм. Мөн 38 хэмээс дээш халуурч, өвдвөл ойролцоох эмнэлэг, эмч нарт хандахыг Халдварт өвчин судлалын эмч нар зөвлөж байна.
Б.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ