"Алтаргана 2016" наадам 20 төрлөөр зохион байгуулагдана

Буриад түмний Алтаргана наадам нь тэртээ 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд буриад дууны уралдаанаар гараагаа эхэлж, хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулагдаж энэ жил 12 дахь удаагийн наадам нь ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо 2016 оны 6-р сарын 30-наас 7-р сарын 3-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.
Тус наадам нь анх Дадал суманд зохион байгуулагдаж улмаар Биндэр, Батширээт сумдад өргөн хөгжиж, 2000 оноос Дорнод аймгийн Дашбалбар суманд зохион байгуулагдсан наадмаас эхлэн Олон улсын наадам болох гараагаа эхэлж, 2002 онд ОХУ-ын Агын раойны Ага тосгонд зохиогдсоноор албан ёсоор олон улсын наадам болон өргөжиж, дэлхийд тархан суурьшсан бүх буриадуудын өргөн дэлгэр соёл, урлагийн томоохон арга хэмжээ болсон билээ.
Өнгөрсөн 2014 оны наадам нь анхлан гараагаа эхэлсэн Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдаж, 20 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд тус наадмыг Ерөнхий сайдын ивээл дор төр засгийн өндөр төвшинд зохион байгуулан өнгөрүүлсэн билээ. Ингэснээр тус наадам нь олон улсад нэр хүнд бүхий соёл, урлагийн томоохон арга хэмжээ болж, төр засгаас тусгайлан анхаарч, хөхүүлэн дэмжиж ирсэнд бүх буриадууд талархалтай байдаг юм.
Энэ удаагийн “Алтаргана-2016” олон улсын бүх буриадын XII их наадамд бэлтгэх зохион байгуулах Үндэсний хороог буриадын өв уламжлал, соёлыг хадгалах хөгжүүлэхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг Буриадын өв, соёлыг хөгжүүлэх сан, Буриад судлалын академи, Амин тоонто ТББ, Буриад сурын холбоо, Буриадын соёл, спортын холбоо, Сэлэнгэ мөрний буриад зон ТББ, Хатар ёохор хамтлаг гэсэн 7 ТББ-уудын төлөөлөл зохион байгуулан ажиллаж, цаашид үйл ажиллагаагаа нэгтгэх, нэгдмэл байр суурьтай байх үүднээс Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан болно.
Зохион байгуулах Үндэсний хорооны даргаар С.Билэгсайхан, дэд даргаар М.Одмандах, нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг нар ажиллаж, дотроо салбар хариуцсан дэд хороодтой ажиллаж байна. Мөн аймаг орон нутаг бүр өөрсдийн зохион байгуулах хороог байгуулж, оролцогчдоо сонгон шалгаруулах, уралдаан тэмцээнийг зохион байгуулах ажлыг дор бүрнээ хийсэн болно. Дорнод, Хэнтий, Дархан-Уул, Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудад аймгийн засаг даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдаж, урьдчилсан шатны сонгон шалгаруулалтаа хийж, оролцогчоо сонгон шалгаруулдаг уламжлал тогтоод байна.
Удирдлага, зохион байгуулалт хариуцсан дэд хороо, Соёл, урлаг хариуцсан дэд хороо, Спортын уралдаан тэмцээн хариуцсан дэд хороо, Гар урлалын үзэсгэлэн, худалдаа хариуцсан дэд хороо, Аялал жуулчлал, худалдаа хариуцсан дэд хороо, Гадаад харилцаа хариуцсан дэд хороо, Орон нутаг хариуцсан дэд хороод ажиллаж, наадмын төрөл тус бүрт оролцох оролцогчдыг Улаанбаатар хотоос сонгон шалгаруулах, уралдаан тэмцээнд оролцуулах ажлыг хариуцаж байна.
“Алтаргана-2016” наадам нь урлаг соёлын дараах төрлүүдээр болно. Үүнд:
Урлаг, соёлын төрлүүд:
- “Буриад хүний нэг өдөр” ардын аман зохиолын хамтлагийн уралдаан
- Буриад ардын дуу дуулаачдын уралдаан
- Үлгэрч, ерөөлч, магтаалчдын уралдаан;
- “Дангина” гоо бүсгүй шалгаруулах уралдаан;
- Ардын гар урлалын үзэсгэлэн;
- “Буриад хувцас: уламжлал ба, орчин цаг” хувцас загвар зохион бүтээгчдийн уралдаан;
- “Нандин бууц” буриадын амьдрал, аж ахуйг харуулах уралдаан;
- Орчин үеийн буриад дуу дуулаачдын уралдаан;
- Буриадын яруу найргийн наадам;
- Эсээ бичлэгийн уралдаан;
- Баримтат болон уран сайхны киноны наадам;
- Гэрэл зургийн уралдаан;
- “Алтан цаг” сэтгүүлч сурвалжлагчдын уралдаан;
- Номын үзэсгэлэн, уралдаан;
Спортын уралдаан, тэмцээн:
- Буриад бөх барилдаан
- Буриад сурын харваа
- Шагай наадан
- Хурдан морины уралдаан
- Буриад шатар
- Сээр шаах /hээр шаалган/ гэсэн төрлүүдээр зохион байгуулагдах болно.
Энэ удаагийн наадмыг ОХУ-ын Буриад улсын Тэргүүлэгчийн газар, Засгийн газраас нь зохион байгуулж байгаа бөгөөд Буриадын Соёлын яам гардан зохион байгуулна.
Тус наадамд оролцох сонирхолтой хүмүүс аймаг орон нутгийнхаа зохион байгуулах хороонд хандаж, урьдчилсан сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн хүмүүс нь оролцох учиртай. Одоогийн байдлаар Дорнод, Хэнтий аймгууд урьдчилсан бага наадмуудаа зохион байгуулж, оролцогчидоо сонгон шалгаруулаад байна. Мөн Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудад мэдээлэл, албан бичгүүд хүрсэн бөгөөд тус аймгууд зохион байгуулах ажлын хэсгүүдийг аймгийн ЗДТГ-аас нь байгуулж, бэлтгэл ажлыг нь хангаж байна.
БСШУЯ-наас энэхүү арга хэмжээг дэмжиж Боловсрол, соёлын газруудаараа дамжуулж орон нутагтаа тус наадмыг зохион байгуулах, оролцогчдыг зохион байгуулалтай уралдаан тэмцээнд оролцуулахыг дэмжин, ажлын хэсэг байгуулан ажиллахыг дэмжсэн албан бичгийг буриадуудын аж төрж байгаа орон нутгийн засаг захиргаанд хүргүүлж, бидний ажлыг зохион байгуулахад дэмжин тусалж байна.
Мөн Улаанбаатар хотоос оролцох хүмүүсийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн бичгийг НЗДТГ-т хүргүүлээд ажиллаж байна.
Тус наадамд оролцогчдыг 6-р сарын 1-ний дотор оролцох мэдүүлгээ ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын Зохион байгуулах хороонд илгээх бөгөөд хоцорсон тохиолдолд уралдаан тэмцээнд оролцох ямар ч боломжгүй болох юм.
“Алтаргана-2016” наадмыг угтаж Дэлхийн буриадуудын чуулганыг 6-р сарын 30-нд Улаан-Үд хотноо чуулах бөгөөд орон оронд амьдран суугаа буриадууд хуран чуулж, даяаршиж буй дэлхийн дахинд өв соёлоо хэрхэн хадгалж, цаашид яаж хөгжүүлэх тухайгаа хэлэлцэх гэж байна. Мөн энэ үеэр “Буриад ертөнц: өв уламжлал ба ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 6-р сарын 29-ны өдөр Буриад Улсын Их Сургууль дээр зохион байгуулах болно.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ