Ж.Батзандан: 14-р сургуулийн барилгын төсвийг 2 дахин нэмж шийдвэрлэсэн

Хо Ши Ми-ний нэрэмжит 14-р сургуулийн барилгын ажил гурван жил саатаж байгаа билээ. Харин өнгөрөгч 12 дугаар сард хуучин барилгыг нь нураагаад буй. Харин өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр болжээ. Мөн өнөөдөр ӨБХ-ны дарга УИХ-ын гишүүн Ж.Батзандан тус сургуулийн удирдлага, эцэг эхчүүдийн төлөөллүүд болон Хөрөнгө оруулалтын газар, яамны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад 14-р сургуулийн захирал В.Цэцэгээ, тус сургуулийн эцэг, эхийн зөвлөлийн дарга, мөн Цамхаг констракшн ХХК-ийн захирал Ц.Одгэрэл болон бусад албаны төлөөлөгчид оролцов.
Уулзалтын үеэр ӨБХ-ны дарга Ж.Батзандан тус сургуулийн барилгын ажлын төсвийг 2 дахин нэмж шийдүүлэхээр болсон тухай дуулгалаа. Тодруулбал, тухайн барилгын ажилд анх 5 сая 800 мянган төгрөг төсөвлөсөн байна. Гэтэл тус барилгыг буулгах, нүүлгэн шилжүүлэх ажил зэрэг бусад шалтгаануудын улмаас энэ мөнгийг хоёр дахин нэмэгдүүлэх хүсэлт ирүүлсэн юм. Мянга гаруй хүүхдийн эрх ашиг хөндөгдөж буй энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн тулд холбогдох албаны хүмүүст чиглэл өгч, Засгийн газарт албан бичиг хүргүүлсний үр дүнд энэхүү асуудал нааштайгаар шийдэгдэж, төсөв 10.7 тэрбум төгрөгөөр батлагдсан төдийгүй өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар орохоор болсныг мэдэгдэв. Хэрэв Засгийн газар асуудлыг өнөөдөр нааштайгаар шийдвэрлэвэл 14-р сургуулийн барилгын ажил хэзээ ч эхлэхэд бэлэн гэдгийг холбогдох хүмүүс мэдэгдлээ.
Гагцхүү барилгыг яаралтай эхлүүлэх нь чухал бөгөөд ирэх жил хүртэл сурагчдыг зутраалгүй өнжүүлэх хэрэгтэй гэдгийг талууд онцолж байв. Энэ тал дээр Ж.Батзандан гишүүн түрээсийн байрны хувилбарыг санал болголоо. Өөрөөр хэлбэл, сургуулийн шинэ барилга ирэх оны есдүгээр сараас сурагчдаа хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа тул Шавь цогцолбор, 53-р сургууль, 92-р сургуулиудад сурч байгаа 14-р сургуулийн хүүхдүүдийг ирэх жил хүртэл түрээсийн байранд суралцах боломжийг эрэлхийлэх нь зөв хэмээн үзэв. Түрээсийн төлбөрийг Ж.Батзандан гишүүн хариуцан ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.
Дашрамд дуулгахад, Цамхаг констракшн нь Амгалан төрөхийн барилгын ажлыг гүйцэтгэсэн туршлагатай бөгөөд тухайн үед мөн төсвийн асуудлаар төрөхийн барилгын ажил зогссон байсныг мөн л УИХ-ын гишүүн Ж.Батзандан хөрөнгө мөнгийг нь шийдүүлж байжээ. Түүнтэй адил 14-р сургуулийн асуудлыг зүтгүүлнэ гэв. Дөрөв дэх удаагийн Засгийн газрын хуралдаанаар орж байгаа болохоор сургуулийнхны зүгээс итгэл үнэмшил суларсан аж. Гэхдээ энэ удаад холбогдох албаныханд, ялангуяа ӨБХ-ны дарга Ж.Батзанданд итгэл хүлээлгэж буйгаа хэлээд, тус сургуулийн хамт олны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгч байгаад талархалаа илэрхийлсэн юм. Ж.Батзандан гишүүн ирээдүй хойч болсон хүүхдүүдийн төлөө бүхий л боломжоороо зүтгэнэ гэдгээ мөн хэллээ.

Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ