"Болор сарнай" хүүхдэд зориулсан ном, бүтээл шалгаруулна

Монголын хүүхдийн зохиолчдын холбооноос өсвөр үеийг “Зөв Монгол хүн” болон төлөвшихөд нь нөлөөлөх шинэ, шилдэг ном, бүтээлийг шалгаруулж, сурталчлан таниулах зорилго бүхий “Болор сарнай” уралдааныг зарлалаа.
Энэхүү уралдаанд нийт зохиолч, уран бүтээлчид оролцох боломжтой бөгөөд зохиолчид 2015 онд хүүхдэд зориулан бичсэн номноосоо уншигч олноо танигдсан бүтээлээ шалгаруулалтад ирүүлэх юм. Бүтээлийг:
- Шүлэг, яруу найргийн ном
- Үргэлжилсэн үгийн зохиол/зөвхөн богино өгүүллэг,үлгэр/
- Шүүмж, судлалын бүтээл /хэвлэгдсэн мэдээлэл гэх мэт/ гэсэн төрлүүдээр
тодруулах аж. Ингэхдээ тухайн бүтээл ямар байдлаар уншигчдад хүрч, олноо танигдсан болохыг нотолсон баримтаа хавсаргана. Тодруулбал, ном хэдэн хувь хэвлэгдсэн, хэчнээн хувь борлогдсон, сурах бичигт орсон эсэх гэх мэт мэдээллүүд байх юм. Мөн зохиолч шаардлага хангасан 6х9 хэмжээтэй гэрэл зураг, товч намтар, уран бүтээлийн талаарх тодорхой мэдээллээ оруулах юм байна.
Энэхүү уралдаанд оролцох зохиолчийн бүтээлийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ны 16:00 цаг хүртэл Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн харьяа БЗД дэх салбар номын сангийн байр /БЗД 12-р хороолол, 58-р байр/ -нд хүлээн авах юм байна.
Шалгаруулалт ирэх сард буюу зургадугаар сард болох бөгөөд товыг оролцогчдод жич зарлах гэнэ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ