Ясаа яйруулъя гэвэл кола ууцгаа

Яг ингэж хэлэхээс өөр арга олдсонгүй. Баяраар колаг ёстой цөлмөж буй сүүн шүдтэй багачуудыг хараад, хөгшин миний хэдэн орсгор хүртэл хага таших шиг болов. Сэтгэл ихэд өвдлөө. Хүүхдийн эмч мэргэжилтэй минь ч нөлөөлсөн биз.

Өнөөгийн багачуудын 70 хувь нь шүд цоорох өвчтэйг сонсоод би анхандаа эргэлздэг байв. Тэгтэл аргагүй юм байна. Кола гэдэг хорыг ингэж ууж байхад, сүүн шүд байтугай нь тэсэхгүй л дээ. Кока кола, фанта, спрайт зэрэг ундааг шүдний ноймер нэг дасан гэдэг юм. Тэгтэл коланы үйлдвэрийн тендер гээчийг зарлачихсан байдаг.

Хүчин чадлыг нь сайжруулаад тэр хорыг тонн, тонноор нь үйлдвэрлэж өгөх нь ээ. Колагийн сонгодог найрлагыг бид мэдэхгүй. Тэгэх шаардлага ч байхгүй. Тэгээд ч олдохгүй. Харин зарим хорт хольцыг нь хүмүүст хэлэхгүй бол горьгүй нь ээ. Ортофосфорын хүчил, кофейн, хинин, амт оруулагч гээд маш аюултай хор найрлагад нь байдаг юм байна.

Ясан дахь кальци гэх бодисыг ч жинхэнэ угааж өгнө дөө. Тэгснээр яс сийрэгжин, сонгинын хатсан иш шиг болно гэсэн үг. Сонгинын цоор ямар хэврэгийг та нар туршиж үзсэн ч болно. Хатаачихаад хоёр хуруугаар имрэхэд л шажигнаад явчихдаг юм.

Чөмөгний булуу ингэж байхад сүүн шүд яаж тэсэхэв. Нимбэгний хүчил нь шүдний паалангийн ганц заналт дайсан гэхэд болно.

Амны цангаа нэмэгдүүлэгч, чихэр орлуулагч хоёр нь чихрийн шижин үүсгэдэг сонгомол бодисууд юм. Колад байдаг кока нь Америкийн индиануудын хэрэглэдэг уламжлалт мансууруулах бодис билээ.

Хэдий бага тунгаар хийдэг ч хүмүүсийг бүрэн донтуулдаг эд л дээ. Энэхүү кокаг бид кофейн гэдэг бөгөөд масууруулах бодисын нэг том төлөөлөгч гэдгийг эрхбиш мэднэ биз дээ. Түүний түр зуурын хүчтэй сэргээх үйлчилгээ хүмүүсийг өөртөө татдаг нь зайлшгүй.

Ер нь тийм зорилгоор хийсэн нь мэдээж ш дээ. Түүнээс биш колаг юу болоо гэж ангасан үхэр мэт залгилаад байхав. Кола байнга уудаг 14 насны охидыг сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг үеийнхэнтэй нь харьцуулахад ясны бүтцийн гажуудал, хугаралтын магадлал тав дахин их байжээ. Зарим нэг сонин туршилтаас хүргье.

Та өөрөө ч туршаад үзсэн болно. Шилтэй колад шүд/ малын ясны хэлтэрхий ч болно/хийж долоо хонуулахад үлдэгдэлгүй уусдаг юм. Өөрөөр хэлбэл, кола уухад шүдний кальци угаагдан, улмаар бөөрөнд тань очиж, чулуу болон тогтдог ажээ. Орчин үед ийм оноштой хүн маш олон болов. Колад чихэр ихээр агуулагддагийг бид анзаардаггүй.

Үүний улмаас саахрын эмгэг үүсдэг билээ. Шорлогийн махыг гялгар уутанд хийн, кола нэмээд хонуулахад сав нь хайлж, мах нь бараг идэгдэж, уусдагийг шалгахад амархан. Коланаас үүсдэг хийн бөмбөлгүүд ходоод, гэдэсний хүчилтэй хамтран, салст дээр нь ялгарч, бүгдийг нь иддэг болох нь тогтоогджээ. Колаг цус, тосны толбо, төмрийн зэв, мөөгөнцөр арилгахад хэрэглэсэн ч болно.

Эргээд махан бодь руу оръё. Ходоод, гэдэсний ашигтай нянгууд кола уусны дараа оргүй болдог нь ч тогтоогджээ. Ийм л ундааг бид “Ард түмний”, “Түмний ундаа” зэргээр магтан тамирчдаар рекламдуулах юм даа. “MCS” гэдэг дийлдэшгүй дайсан /0.25 л ундаа/ бас гарч ирэв. Өндөр хөгжилтэй орны чинээлэг иргэд колагаас бүрэн татгалзжээ. Ихэнх оронд түүнээс зайлсхийх болжээ. Бид л колад булхсаар. Хамаг ясаа яйруулж байж л ойлгох биз дээ. Ядаж үүнийг уншсан хүмүүс өөрийгөө болон үр хүүхэд, ойр дотныхноо аваад гарчихвал сайнсан.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ