Дугуйтай Ж.Батзандан

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монголын дугуйн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байна. Тус холбоо 1959 онд байгуулагдаж, олимпийн наадамд Монголын тамирчид тоосоо өргөж байсан түүхтэй.
Хамгийн сүүлд Энэтхэгт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Т.Энхжаргал анхны алтан медалийг эх орондоо авчирсан. Энэ бол Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Өлзий-Оршихын дэлхийн дэвжээнээс авчирсан хошой мөнгөн медалийн буухиаг бататгасан амжилт юм.
Гэвч 2007 оноос хойш Монголын дугуйн холбоо нэг л өөдөлсөнгүй. Хоёр ч ерөнхийлөгчийн нүүр үзжээ. Эрс тэрс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд дугуйчид бэлтгэл сургуулилт хийх боломж хомс, зориулалтын зам талбай, техник хэрэгсэл байхгүй нь гачлантай. Гэвч шинэ ерөнхийлөгч том зорилго тавьж байна.
Юуны өмнө улсын шигшээ баг байгуулна. Дугуйн спорт бол багийн тоглолт. Цалинтай тамирчнаас илүү Монгол Улсын дугуйн шигшээ багийн тармирчин гэдэг алдар асар их үүрэг хариуцлага, нэр төрийн хэрэг. Тэднийг энэ оны есдүгээр сард Италийн Тускани хотноо зохиогдох дугуйн холын зайн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.
Шинэ ерөнхийлөгч шинэ шигшээ багийнхныхаа хамт 2016 оны Рио де Жанейрогийн олимпод оролцох оноогоо эндээс эхэлж цуглуулна. Яагаад гэвэл дугуйн спорт Азийн аваргын тэмцээний оноог олимпийн эрх авах оноонд оруулж тооцдоггүй том шалгууртай урт хөлийн спорт.
Манайхан багаасаа дугуй унах дуртай. Монголын нийслэл Улаанбаатар шиг дугуйн замгүй хот байдаггүй юм билээ. Одоо их хотын замын 33 уулзварыг “Гудамж” төслийн хүрээнд өргөтгөж эхлэв.
Шинэ ерөнхийлөгч Ж.Батзандан юуны өмнө Яармагийн гүүрээс Маршалын гүүр хүртэл Туул голын эргээр тавих автозамын хажуугаар дугуйн зам тавих асуудлыг нийслэлийн удирдлагад тавьж дэмжлэг аваад байна. Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын дугуйн спортын холбоо хамтран дугуйн замын стандарт, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар болов. Томоохон хотуудад дугуйн замыг туслах зам гэж үздэг.
Нью-Йоркийн үерийн гамшгийн үеэр эвдэрч нурсан автозамын хажуугаарх дугуйн зам аминд орсон гэдэг. Манайх шиг замын хөдөлгөөний түгжрэл ихтэй хотод унадаг дугуйгаар зорчих нь автозамын ачааллыг бууруулахаас гадна иргэдийн эрүүл мэндэд ч тустай.
Цаашид Монголын дугуйн спортын холбооноос “Дугуйтай Монгол” хөдөлгөөнийг өрнүүлэх юм байна. Яагаад болохгүй гэж.
Түм түжигнэж, бум бужигнаж байдаг Азийн хотуудад унадаг дугуй хүмүүсийн хөл дүүжлэх гол унаа болдог шүү дээ. Агаар орчныг бохирдуулахгүй, том зай талбай эзлэхгүй унадаг дугуй хүн ам шигүү хотод хамгийн оновчтой унаа болно.
Энэ сарын дундуур эрхэм гишүүний санаачлагаар анхны томоохон дугуйтай арга хэмжээ зохион байгуулах бололтой. “Дугуйтай Монгол”-ыг дугуйтай Ж.Батзандан магнайлна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ