Хас тэмдэг, хар хувцасны ид шид

Гадны иргэд хар хувцастай, хас тэмдэгтэй хүмүүсээс айж сүрддэг байсан бол одоо монголчууд ч эдгээр хүмүүст эргэлзэх болсон. Хэдийгээр тэд эх орон, газар шороо, хүн ардаа харийнхнаас авран хамгаалах лоозон барьдаг ч үйлдэл нь ашиг хонжооны эрэл болон хувираад буй талаар олон түмэн хэлэлцэж байна. Учир нь "Бүлгэм" гэх зарим бүлэг хүмүүс хууль бус үйлдлийг таслан зогсоох далбаан дор тал засаж, таван цаас чулуудсанд нь таг дуугүй амаа үдүүлчихдэг сураг цөөнгүй. Энэ талаар монголын олон ангит нэгэн кинонд хүртэл ил тод үзүүлж, илчилсэн байдаг. Мөн зарим нь дээрэм хийдэг гэх мэдээ ч олон бий. Нэг ёсондоо хэт даврагсдын үйлдэл тэдэнд илрэх болсон. Гэхдээ тухайн бүлгэмүүдийн ахлагчид нь өөрсдөөсөө хэргийг зайлуулахын тулд бүлгэмийн нэрийг барьж худал хэлсэн гэх тайлбарыг өгдөг. Энэ нь үнэний ортой байж болох юм.

Харамсалтай нь энэ удаад бага гарууд бус удирдлагууд нь өөрсдөө бусдыг айлган сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан гэх хэргээр шалгагдаж эхэлжээ. Энэ бол "Босоо хөх Монгол"-ынхон.

Тэдний зүгээс энэ мэдээллийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд "сонгууль дөхөж байгаатай холбогдуулан эх оронч залуусын үйл хэргийг гутааж, хэл амыг хаах гэсэн бусармаг үйлдэл" гэж мэдэгдсэн юм. Тус байгууллагын Удирдах зөвлөлийн нэр бүхий дөрвөн гишүүнийг Эрүүгийн цагдаагийн газраас энэ сарын 16-нд баривчлан саатуулсан. Тэд хятад компанийн эзнийг айлган сүрдүүлж, дарамталж байгаад 30 сая төгрөг бэлнээр авсан гэх тайлбар нийгэмд цацагдаад байгаа билээ. Харин гишүүд нь "Эдгээр 4 хүн тийм үйлдэл хийхгүй гэдгийг ард түмэн мэдэж байгаа" гэсэн юм. Манайхан хэт улстөржигч ард түмэн. Энэ асуудлыг ч мөн сонгуультай холбон тайлбарлаж байна. Энэ хүмүүс хэрэг үйлдээгүй юм бол тэднээс хэн ингэтлээ айж, амыг нь таглаж, цагдан хориход хүрсэн байх вэ? Барьж хорихгүй бол эдгээр иргэд дийлдэшгүй хүмүүс гэж үү? гэсэн асуулт урган гарч, сонирхол татав.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас мэдээлж буйгаар тэдэнд Эрүүгийн хуулийн 149, 149.3 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Эрүүгийн хуулийн 149.3-т зааснаар энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Ер нь энэ нөхцөл байдал улс төртэй холбоотой юу, эсвэл хийсэн хэргийг булзааруулах гэсэн үү гэдэг нь удахгүй тодорхой болох нь гарцаагүй.

Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг. Дээр дурдсанчлан хахууль ч бай, халдлага ч бай асуудал хэрэв гарч байгаагүй бол өнөөдөр ард түмний итгэлийн шугам эргэлзээгүйгээр тэднийг чиглэх байлаа. Гэвч одоо өөр болсон. Хотын захирагч Э.Бат-Үүл хэлэхдээ “Хар, улаан хас тэмдэг бол гитлерийнх. Монголчуудыг ийм жигшүүртэй харагдуулж байгаа хүмүүс өөрсдийгөө яаж үндсэрхэг гэж хэлж чаддаг байна. Цаашид Улаанбаатар хотод Гитлерийн Хас тэмдэг зүүхийг би зөвшөөрөхгүй. Түмэн насан хээгээ түмэн насан хээгээр нь ашигла. Гитлер чинь "Монгол, Еврей хүн хоёрыг устгах ёстой" гэж хэлсэн хүн шүү.” гэснийг нэг эргэн саная.

Ямартай ч эх орон, газар шороогоо хамгаалах гэсэн нэрэн дор ихээхэн мөнгө саах хялбар аргыг сонгон ашиглаж байгаа ТББ тодотголтой бүлгэмүүд байдаг нь үнэн. Эх оронч гэж "гасалдаг" эдгээр дүр эсгэгчид үйл хэрэгтээ үнэнчээр тэмцэж яваа бусдыгаа олон түмэнд муухай харагдуулдаг нь ч үнэн. Аймаг, сумдад ажиллаж байгаа уул уурхайн компаниуд тэдний гол бай. Хамгаална, тэмцэнэ гэж сүржин дуугардаг зарим нэг хас тэмдэг, хар хувцасны "гол"-ууд ийнхүү мөнгөний үнэрт донтож, шуналын далайд живсэн нь нууц биш. Гэхдээ хэн, хэзээ гэдгийг гагцхүү хууль хяналтын байгууллагаас өөр хэн ч тогтоохгүй.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ