Онц хүнд гэмт хэргийн хохирогчийг эрэн сурвалжилж байна

Цагдаагийн ерөнхий газраас онц хүнд гэмт хэргийн хохирогчийг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг Булгийн тохой гэх газраас 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй шатсан хүний цогцос олджээ.
Мөрдөн байцаах газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэбат “Шатсан цогцос нь 25-аас дээш настай эрэгтэй хүнийх бөгөөд 168 см урттай. Уруулын дээр болон доор оочин сахал мэт зүйл шатаж харласан, зулайн ар орой хэсэгт таван см урттай хар өнгийн үс шатаагүй үлдсэн, биеийн хэсэг нэлэнхүйдээ шатаж, зарим хэсэг үгүй болсон байсан. Дээд эрүүндээ 11 ширхэг шүдтэй, зүүн 1-3 дугаар их араа хуучин байхгүй, зүүн 1 дүгээр соёо шүд эмчилгээний “пломбо” тавигдсан, шүдний эгнээ жигд бус гурвалжин хэлбэртэй. Доод эрүүндээ 11 ширхэг шүдтэй, зүүн гуравдугаар их араа “пломбо” тавигдсан. гуравдугаар их араа хуучин байхгүй, үүдэн нэг шүд, баруун 1-3 дугаар их араа хуучин байхгүй содон шинж тэмдэгтэй” гэж мэдээлэв.
Хэргийн газрын үзлэгээр босоо хар өнгийн судалтай дотуур өмд, цамцны мэт тасархай, “MONTANA” гэсэн бичигтэй жинсэн өмднийх байх боломжтой нэг ширхэг товч мэт зүйл, ажлын гутал байх боломжтой гутлын төмөр хоншоор, гутлын улны металл хамгаалалт, гутлын үдээсний гогцоо мэт 13 ширхэг төмөр зүйлсийг хураан авчээ. Тиймээс иргэдийг дээр дурдсан цогцостой адил содон шинж тэмдэгтэй, оршин суух газраасаа сураггүй алга болсон, удаан хугацаагаар холбоо бариагүй, магадгүй гэрээсээ гадуур явдаг, хаана байгаа нь тодорхойгүй, ар гэр, хамаатан садан нь сураглаж байгаа хүн байвал цагдаагийн байгууллагын 7027102 болон 99165377, 99053941 дугаарт холбогдохыг хүслээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ