Гурав дахь удаагаа алдаа гаргасан эх баригчид цалингийн хувь тооцсон болоод л өнгөрчээ
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 15 дугаар зүйлд ажил мэргэжилдээ хайнга хандаж, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан эмч, эмнэлгийн ажилчдад 8-15 жилийн хорих ял эсхүл 80 сая хүртэл төгрөгөөр торгох арга хэмжээ авна хэмээн заасан нь өнгөрсөн хаваржингаа эмч нарын эсэргүүцэлтэй тулахад хүргэсэн.
Улмаар хууль санаачлагчид болон эмч нарын ар гэрийнхэн хоёр талцахад хүрээд байсан юм. Тэгвэл иргэдийн өмөөрч, хамгаалаад байсан эмч наражил мэргэжилдээ хайнга хандсанаас гурав дахь удаагаа дөнгөж төрсөн нярайг шалан дээр алдаж унагасан хэрэг гарлаа.
Тодруулбал, Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн эмч, эх баригч, сувилагч нар дөнгөж төрсөн нярай хүүхдийг чулуун шалан дээр алдаж унагасны улмаас нярай тархиндаа хүнд гэмтэл /цус харвах/ авсан байна.
Харин энэ талаар БОЭТ-ийн захирал Ц.Анхтуяагаас тодруулахад “Урд тархины хатуу хальсан дунд цус хуралттай байсан. Хурсан цус нь эмчилгээний үр дүнд шимэгдсэн байна лээ. Хүүхдийг гэмтсэн даруйд компьютерт томографаар шинжилгээ хийсэн, эмчилгээ дууссаны дараа дахин шинжилсэн. 15 хоног эмчилгээ хийлгээд хүүхдийн бие сайжран хоёр хоногийн өмнө гарсан. Эцэг, эхэд нь бид онош, эмчилгээний талаар маш сайн хэлсэн. Одоо сумынхаа эмчийн хяналтад байгаа.
Хариуцлага алдсан тухайд, Тасгийн эрхлэгч, ахлагч нарт сануулах арга хэмжээ авч, ажил сайжруулах нэг сарын хугацаатай үүрэг өгсөн. Эх баригч эмч, сувилагч хоёрыг цалингийн 20 хувиар торгосон” гэв. Түүнчлэн өмнө нь мөн л ажил мэргэжилдээ хайнга хандсан эмч нараас болж анх удаа амаржиж байгаа эмэгтэйн хүүхдийг памперсанд нь төрүүлсэн, хүүхэд хувинд тосч авсан талаар “Хувинд биш л дээ. Төрөх орон дээр гаргаж амжаагүй байхад хүүхэд нь уначихсан юм” гэх хариултыг өгөв.
Магадгүй эндээс монголын өнөөгийн Эрүүл мэндийн салбар ямар хэмжээнд явааг бэлхнээ харж болох биз ээ.
Х.Маргад
СЭТГЭГДЭЛ БИЧИХ