Кудрин: Оросын эдийн засаг ёроолдоо байгаа

Эдийн засгийн загвар одоогийнх шигээ байх нөхцөлд Орост эдийн засаг өсөх төлөв одоогоор алга. Оросын сангийн сайд асан, Стратегийн судалгааны төвийн сангийн зөвлөлийн тэргүүн, ерөнхийлөгчийн дэргэдэх эдийн засгийн зөвлөлийн орлогч дарга Алексей Кудрин телевизийн “Россия 1” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо ингэж мэдэгдсэн байна.

“Ёроолд байх үеийг өнгөрүүлсэн хэмээн хэлж болох ч,бид хаа нэгтээ дээрх тодорхойлолтод ойрхон байх шиг. Гэвч харамсалтай нь,эдийн засгийн хуучин загвар үйлчилж дууссан, шинийг боловсруулаагүй байгаа, бид ёроолд байх үеийг өнгөрүүлж байгаа ч, энэ ёроолдоо байсаар л байна” гэж Кудрин хэлжээ.

Өнөөдөр өсөлт бол оросын эдийн засгийн хамгийн гол зүйл гэж тэр онцлон тэмдэглэсэн байна. “Манай эдийн засагт одоо тодорхой шийдмэг байдал дутагдаад байх шиг надад санагддаг. Бид чухал чухал шинэтгэлийг хойшлуулж байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг хангаж эхлэх ажил хойшилж байгаа шалтгаан болно” гэж засгийн газрын хуучин гишүүн тэмдэглэжээ.

Кудрин эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг 63 болгохыг санал болгож байна. “Энэ нь одоо биш. Хэрвээ бид аль алиных нь тэтгэврийн насыг хагас жилээр нэмлээ ч, энэ нь эрчүүдийн хувьд 6 жилийн дараа,эмэгтэйчүүдийн хувьд үүнээс цаана байх болно” гэж тэр хэлжээ.

“Тэтгэвэр авагчдын тоо өсч байхад , харин тэтгэвэр тавих мөнгө алга”, тиймээс тэтгэврийн насыг нэмэх нь оросын эдийн засгийн тулгамдсан хэд хэдэн асуудал, түүний дотор хийдэг ажлаа хийчихсэн хүмүүсийн тэтвэрийг өндөр байлгах юмуу нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэж болох юм гэж тэр хэлсэн байна.

Оросын эдийн засаг 2015 онд ёроолын үеийг өнгөрүүлсөн гэж ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 20-нд мэдэгдсэн юм. Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев Оросын эдийн засаг уналтаас гарсан гэж үзэж байгаагаа мөн өдөр бас илэрхийлжээ.

Тавдугаар сарын 19-нд Олон улсын валютын сан илтгэл нийтлүүлж, Оросын одоогийн эдийн засгийн уналт эрх баригчдын хэрэгжүүлж буй эдийн засгийн багц арга хэмжээний дүнд өмнөх уналтуудыг бодвол шалихгүй гэдгийг тэмдэглэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ