МАН одоо С.Баярыгаа баяртай гэхүү?

“Эргийн гадна” дансанд мөнгөө мартсан болоод гэнэдсэн улс төрчдийн тоо 40 гарчихаад байгаа нь манайдаа бол том тоо. Энэ удаад сонгуулийн босгон дээр нэр зарлагдсан нь горилогч улс төрчдөд том гай болох нөхцөл үүсээд байна. Яаж ийгээд нэгийгээ тойргоос шахах ил далд дайны гал дээр тос нэмсэн офшорын дуулианыг улс төржүүлэхгүй байх аргагүй.
ӨБХ-ны дарга УИХ-ын гишүүн Ж.Батзандан Офшорын эсрэг хуулийн төслийг хэлэлцүүлэгт оруулахаар боллоо.
Офшор данстай нөхдүүдийг ямар нэг хэмжээгээр шалгах хариуцлага тооцох, үгүйдээ сонгуульд орох ёсгүй гэсэн шахаа олон нийтийн зүгээс ч бий болоод байгаа. Улсынхаа санд татвараа төлөөгүй, хувиа бодсон гэсэн энгийн гомдлоос хууль зөрчсөн гэж болох том өнцөгтэй офшор хуучрах сэдэв биш бололтой.
Дархан хотын иргэдтэй уулзангаа нийт Монголчууддаа тайлангаа тавьсан Ерөнхийлөгч офшорын тухай дориун дуугарсан нь энэ сэдвийг дахин халаав. Нэгэн удаа өөрөө өөртөө хариуцлага тооцоод өнгөрсөн С.Баярцогт офшорын бүсдээ бол Монголдоо загалмайлсан эцэг шахуу болчихоод байгаа. Одоо энэ асуудал дээр төр цаашид ямар байрь суурьтай байхаа харуулах цаг болоод байгаа энэ үед нэр холбогдсон улс төрчдийг сонгуульд нэр дэвшихийг хорих ёстой гэсэн байр суурийг төрийн тэргүүнүүд илэрхийлэх болов.
"Чи сонгуульд нэр дэвших ээ болио. Чи хариуцлага хүлээх ёстой. Чиний өнөөдөр их хурлын гишүүн, сайд хийгээд явж байгаа чинь монголын төрийг муухай харагдуулаад байна. Ийм хүмүүсээсээ монголын төр салж чаддаг байх ёстой" гэж хэлж байгаа. Энэ бол миний байр суурь" гэж Ерөнхийлөгч хэлсний дараа УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд "Тавдугаар сарын 23-наас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажил эхэлнэ. Офшор бүсэд данстай хүнийг Ардчилсан нам нэр дэвшүүлэхгүй. Бусад намууд ч гэсэн нэр дэвшүүлэхгүй байхыг уриалж байна" гэсэн нь анхаарал татаж эхлэв.
Энэ асуудал дээр Их хурлын дарга, Ерөнхийлөгч хоёр нэг байр суурьтай байгааг сошиалаар сайшаах талдаа байгаа юм. Офшорын эздийг зүгээр орхиод сонгуульдахад ард түмэн том асуулттай намуудын дарга нарыг угтана. Энийг мэдэрч байгаа АН санаачлагыг авч нэгэнт цайраад гэмээ хүлээчихсэн байгаа С.Баярцогт дээрээ галыг бөөгнүүлээд МАН-ын офшорчдыг араасаа дагуулах тактик гэж зарим ажиглагчид хэлж байгаа.
Ер нь бол АН офшор дансны асуудал дээр хатуу байгаа гэсэн сонгуулийн фоноо түрүүлж өрж байгаа нь зөвдөөд эхэлсэн гэж болно.
Саяхан өрнөсөн нууц дансны дуулианд МАН-аас цөөнгүй улс төрчдийн нэр орсон төдийгүй МАН-ын сонгуулийн штабыг удирдана гэж шуугиулж байгаа С.Баярын охидын ч нэр энд орсон байгаа. Энэ нөхцөлд С.Баярыгаа баяртай гэх асуудал тавигдаж болохоор. Хэрвээ Их хурлын даргын дээрх Офшор данстангуудыг нэр дэвшүүлэхгүй байх уриалгаас бултаж нэр дэвшүүлбэл МАН-ын хасах оноо нэгээр бус үржиж мэднэ.
Сонгуульд том сүүдэр унагаасан Офшорын асуудлыг хэн мартуулах гэж оролдоно, тэр нь алдаа болж болохоор шуугиан хэвлэл сошиалын хүрээнээс хальж гадаа гудманд салхилаад эхэлчихлээ. Үүнийг АН-ын төлөөлөл төрийн өндөрлөгүүд зүгээр орхихгүй гэсэн мэдэгдлээр хурцаллаа. Нэр дуудагдсан Офшорынхн харин одоо яаж хөдлөхийг олон нийт харж байна.
Д.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ