Энэ долоо хоногт нэр дэвшүүлэх ажиллагаа явагдана

Сонгуулийн Ерөнхий Хорооны
Мэдээлэл, судалгаа, арга зүйн
хэлтсийн дарга Б.Оюумаа
Сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орлоо. Үүний дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа, үүнтэй холбоотой хуулийн зохицуулалтад ямар өөрчлөлт орсон бэ?
Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хугацаа хойшилсон. Нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагаагаа 5 дугаар сарын 23-наас эхлүүлж 5 хоногийн хугацаанд буюу 5 дугаар сарын 27-ны өдөр дуусгана. Харин бие даан нэр дэвшигчийн хувьд 5 дугаар сарын 23-наас нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлэн 7 хоногийн хугацаанд явуулж 5 дугаар сарын 29-ний өдөр дуусгах юм.
Нэр дэвшигчид баримт бичгээ хаана өгөх вэ? Хугацааны тал дээр хуулинд юу гэж тусгасан юм бол?
Нэр дэвшүүлэх дээр дурдсан хугацаа дууссанаас хойш нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчид Сонгуулийн Ерөнхий Хороонд хуульд заасан баримт бичгийг 3 хоногийн дотор ирүүлнэ. Өөрөөр хэлбэл, нам эвсэл нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг 5 дугаар сарын 30-ны дотор, бие даан нэр дэвшигчид 6 дугаар сарын 1-ний дотор ирүүлэх ёстой. Ийнхүү хуулийн хугацаанд ирүүлсэн баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороо нягтлан шалгаад нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн 6 дугаар сарын 06-ны дотор шийдвэр гаргана.
УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхтэй холбоотой хугацаа, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээллүүдийг манай Хорооны цахим хуудаснаас харах боломжтой. Нэг зүйл тодруулж хэлэхэд нэр дэвшигчид баримт бичгээ хүлээлгэн өгөхөөсөө өмнө иж бүрдэл, хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг сайтар нягталбал хаана хаанаа хүндрэл чирэгдэл учрахгүй шүү дээ.
Нэр дэвшүүлэх ажиллагаанд анхаарах зүйлсийн талаар тодруулга өгнө үү? Юуг анхаарах ёстой вэ?
Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааны талаар Сонгуулийн тухай хуулийн 125-128 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. Улс төрийн нам, эвслээс нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын Их Хурал, эсвэл төлөөллийн төв байгууллагын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Хуралдаанаас нэр дэвшүүлэх асуудлаарх санал хураалтыг ардчилсан зарчмыг баримтлан, нууцаар санал хурааж, олонхийн саналаар шийдвэрлэнэ. Нэр дэвшиж байгаа хүн нь тодорхой шалгуурыг хангасан байх ёстой, энэ тухай ч хуулинд тодорхой заасан байгаа.
Тойрогт нэр дэвших гэж байгаа бие даан нэр дэвшигч нь тухайн тойргийнхоо 801-ээс доошгүй тооны сонгогчийн дэмжлэг авсан байх ёстой. Гарын үсэг зуруулах маягтыг аймаг, дүүргийн сонгуулийн хорооноос тэмдэг даруулан авах юм. Хэрвээ сонгуулийн хорооны тэмдэггүй маягтаар гарын үсэг зуруулсан бол нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн хугацаанд, хуулийн шаардлагын дагуу явагдаагүй гэж үзнэ. Түүнээс гадна бие даан нэрээ дэвшүүлэх гэж байгаа иргэд гарын үсэг зуруулахдаа хуульд заасан хориглолтуудын талаар сайн мэдэж байх ёстой. Өөрөөр хэлбэл, сонгуулийн насанд хүрээгүй хүнээр гарын үсэг зуруулах, эд мөнгөөр татах аргаар гарын үсэг зуруулах, айлган сүрдүүлэх, хуурч мэхлэх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, нэг гэр бүлийн болон бусад хүмүүсийн өмнөөс төлөөлөн гарын үсэг зуруулах гэх мэт хууль бус аргаар гарын үсэг цуглуулсан бол тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болно.
Нам, эвслээс болон бие даан нэрээ дэвшүүлэгч нь баримт бичгийнхээ бүрдлийг сайтар хангаж, тодорхойлолт, лавлагааных нь хүчинтэй хугацаа дууссан эсэхийг шалгачих хэрэгтэй. Учир нь нэр дэвшүүлэх хугацаа хуулинд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотой хойшилсон учраас нэлээд дээр тодорхойлолтоо авсан бол хүчинтэй хугацаа нь дууссан байхыг үгүйсгэхгүй шүү дээ.
Аймаг, нийслэлийн сонгуульд нөхөн нэр дэвшүүлэх хугацаа байгаагүй. Харин УИХ-ын сонгуулийн тухайд бол тийм хугацаа байгаа.
Нөхөн нэр дэвшүүлэх ажиллагаа нь зөвхөн нам, эсвэлд хамаатай. Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд татгалзсан зөрчлийг арилгасны үндсэн дээр нам, эвсэл нэр дэвшигчээ дахин бүртгүүлэх хүсэлт уламжлах эрхтэй. Эсвэл өөр хүний нэрийг дэвшүүлж болно. Гэхдээ хуульд заасан хугацаа, шаардлагын дагуу. Түүнчлэн нэр дэвшигч нас барсан, эсвэл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам, эвсэл нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх эрхтэй.
Эдгээр тохиолдолд дахин хүсэлт ирүүлэх, эсвэл нөхөн нэр дэвшүүлэх тухай хүсэлтээ холбогдох бичиг баримтын хамт 6 дугаар сарын 4-ний өдрөөс өмнө Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлж журмын дагуу бүртгүүлж болно.
Нэр дэвшигч нь төрийн албан хаагч тохиолдолд ажлаасаа чөлөөлөгдсөн байх тухай хуулийн заалтын талаар тодруулж өгөөч. Төрийн албан хаагчид бүгд энд хамаарах уу?
Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ 1-р сарын 1-нээс өмнө өгч, 1-р сарын 31-нээс хойш ажил, албан тушаалаа гүйцэтгээгүй байх ёстой. Чөлөөлөгдөх тухай хүсэлт, ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн тухай шийдвэрийн нотариатаар батлуулсан хуулбарыг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх баримт бичигтэй хамт өгнө. Харин төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаас бусад үйлчилгээний албан хаагчдад хуулийн энэ заалт хамаарахгүй.
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүгдийг нь Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэхээр хуулинд заасан байсан. Та бүхэн нэлээд ачаалалтай ажиллах нь. Хуулийн хугацаанд нягтлан шалгаж амжих уу?
Манай Хороонд хуулиар олгогдсон үүрэг учраас бид хуульд заасан хугацаанд ажлаа амжуулахаар ажлын өдөр уртасгасан цагаар, мөн амралтын өдрүүдээр ч ажиллаж байна. Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах ажлыг хуулийн хугацаанд нь гүйцэтгэхийн тулд бид ажлаа нарийн төлөвлөн хуваарилалтаа хийгээд ажиллаж байна.
Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ