Гэмт хэргийн талаар мэдээлээгүй иргэдийг шалгаж байна

Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Шувуун фабрикийн орчим "Булгийн тохой" гэх газарт энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хэн болох нь тогтоохгүй шатсан цогцос олдсон хэргийн талаар урьд нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

Хохирогчийг тогтоохоор эрэн сурвалжлах ажиллагааг идэвхтэй явуулсны үр дүнд хохирогч Улаанбаатар хотод оршин суух 53 настай Б болох нь тогтоогджээ. Хохирогч Б-г иргэн Н хутгалан амь насыг нь хохироон, бусадтай бүлэглэн зөөвөрлөн шатаасан болохыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоосон байна. Сэжигтэн Н хохирогчийн ойр дотны хүн бөгөөд хэрэг гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй аж. Хэргийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч хувийн таарамжгүй харьцаанаас үүдсэн бололтой.

Хохирогчийн цогцосыг 2016 оны гуравдугаар сарын 17-ны өдөр тухайн газарт байсныг мод гишүү түүж явсан Г, Х нар харсан боловч цагдаагийн байгууллагад хандаагүйгээс хугацаа алдсан байна. Энэ үйлдэлд нь иргэн Г, Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлд заасан "Гэмт хэргийг үл мэдээлэх" гэсэн зүйл ангиар холбогдуулан шалгаж байгаа гэлээ.

Тиймээс иргэдэд анхааруулахад, гэмт хэргийн талаар мэдсэн, үзсэн, харсан даруйдаа цагдаагийн байгууллагад болон бусад холбогдох байгууллагад мэдэгдсэнээр гэмт этгээд ял завших, оргон зайлах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж гэмт хэргийг шуурхай илрүүлэхэд ач тустай юм.

Сэжигтнийг хорих 461 дүгээр ангид хорьсон байна. Мөрдөн байцаалт үргэлжлэн явагдаж байгаа тул хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ