Д.Дорлигжав: Эрүүл мэндийн салбарынхан асуудлаа оруулж ирвэл дэмжинэ

Хууль зүйн сайд Д.Дорлигжав Сайдын цаг уулзалтад оролцож мэдээлэл хийсэн билээ. Мэдээллийн дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Тухайлбал, Эрүүгийн хуульд оруулсан эмч нарын хариуцлагын тухай асуултад хариу өгөв. Эмч нарт хүлээлгэх хариуцлага хэтэрхий чанга болсон хэмээн шүүмжлэл гарч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд жагсаал зохион байгуулсан.

Харин энэ талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэлэхдээ "Эмч нар ял хүнд байна гэж гомдоллож байгаа. Энэ нь 3-5 жилийн ял өгдөг байсан зүйл ангийг 2-8 жил болгож өөрчилсөн. Ялын хэмжээг сонгож өгөх боломжтой гэж харсан юм. Эмч нар энэ талаар шүүмжлээд эхлэхээр нь бид яамандаа урьж санал бодлыг нь сонссон. Тэдний ярианаас үзэхэд, бид зарим асуудлыг нь сайн ойлголгүй, хуульдаа тусгасан байсан. Эмч нар ялын хэмжээг 2-5 жил болгох хүсэлт тавьж, салбарын яам энэ асуудлаа оруулаад ирвэл Хууль зүйн яам дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж амжвал тэр заалт өөрчлөгдөх байх" гэлээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ