Дэнзэнг Данзан болгох уу

Нүүрсний үнэ унаж, экспорт хумигдав. “Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын “Чалько” компанид тавьсан 180 сая ам.долларын зээлийн өрнөөс аажим аажмаар салж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Дэнзэн тус компанийн ТУЗ-ын даргаар ажилладаг. Тэр “Эрдэнэс Тавантолгой”-н” өрөнд баригдсан, алдагдал ихтэй, ашиггүй ажиллагаанд тооцоолон бодох математик толгойгоор нэлээд судалгаа хийсэн байна. Гэтэл энэ ТӨХК-ийн хоёр гадаад захирал сард хагас тэрбум төгрөгийн цалин авдаг, дээр нь 4000 ам.долларын түрээсийн байранд амьдардаг байжээ. Бас Ангус Кайтнесс нь Харвардын магистрын зардлаа даалгадаг мөртлөө “Эрнест энд Янг” гэдэг хувийн компанид давхар ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой”-той 359 мянган ам.долларын гэрээ байгуулсан ашиг сонирхлын зөрчил нь дэндсэн чөтгөр байж. Энэ хоёрыг хөөж явуулснаар компанийн нуруун дээрх санхүүгийн ачаа ч нэлээд хөнгөрч. Энэ мэт ашиг сонирхлын зөрчлүүдийг илрүүлэх тутам цаагуураа олон хүний эрх ашиг хөндөгдөж эхэлжээ.

Нэг л өдөр түүний суугаагүй эхнэр байгуулаагүй компанийнхаа нэр дээр “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-иас 17 тэрбумын тендерийн эрх авсныг УИХ-ын эрхэм гишүүн Н.Номтойбаяр илчилж орхив. Энэ но-г эрхэм гишүүн Ж.Энхбаяр бас баталж байна. Гэхдээ хоёр эрхмийн нүдэнд 2016 он харагдаад байгаа юм. Н.Номтойбаярын аав Б.Нямтайширийн олноо МАК хэмээн алдаршсан “Монголын алт” компани Нарийнсухайтын ордоос зөөдөг нүүрсээ баяжуулах үйлдвэрийг Монголын хилийн дээс дөнгөж давуулаад хятадуудуудтай хамтран байгуулж, ид ашигтай ажиллаж байна. Энд олон хятад иргэн ажлын байртай болж, Хятадад татвар төлж, Монголоос хямдхан гаргасан нүүрсээ боловсруулаад цааш өндөр үнээр зардаг. Нэг үгээр хэлбэл нүүрс ч угаадаг, мөнгө ч угаадаг.

Харин “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ их хэмжээгээр экспортолж, өрнөөс гараад ашигтай ажиллаж эхэлбэл баяжуулах үйлдвэр байгуулах нь гарцаагүй. Үүний төлөө Г.Дэнзэн шинэ менежментээр ажиллахыг ТУЗ-ийнхөө өмнөөс шахаж эхэлсэн. Санасандаа хүрэх цаг ч удахгүй. Тэр үед Нарийнсухайтын нөөц том Тавантолгойн дэргэд хумигдаж, ТӨХК аварга үлэг гүрвэлийн дайтай алхаж эхэлнэ. Энэ өрсөлдөөнд МАК ялагдахыг муу ёрлосон Н.Номтойбаяр эрхэм гишүүний сэнтийгээс ийнхүү чулуу шиджээ. Бас 2016 оны сонгуульд өөр намын үе тэнгийн өрсөлдөгчөө давхар намнахыг Ж.Энхбаяр хүсэв. Гэхдээ Монголын нийгэмд төрийн өмч эзэнгүй байдаг, мөнгө бүхнээс хүчтэй гэсэн теором хүчгүйдэж эхэлсэн. Төрийн хэрэгт мөнгөний хүчээр нөлөөгөө тогтоохыг эрмэлзсэн МАН-ын залуу хөрөнгөтнүүдийн шинэ цагийн үлгэр аль хэдийнэ дууссан. Харамсалтай нь ардчилсан хэлбэртэй социалист агуулгатай үлгэр дандаа амар сайхандаа жаргаж дуусдаггүй юм. Их мөнгөний үнэр ямагт ямар нэг юманд хөтөлдөг. Үүнийг хашир тагнуулчийн тусад орсон хүү андахгүй буйзаа.

“Баяжигтун” гэдэг лоозон дэвшүүлсэн Солийн Данзанг Ардын намынхан буудчихсан. Одоо “Тавантолгойн” хувьцааг монголчууддаа хүртээх гэсэн Дэнзэнг Данзан болгох уу.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ