Ачиж, журамлахын өмнө заавал мэдэгдэх үүрэгтэй юу?

Хотын авто замын хөдөлгөөн харьцангуй хөдөлгөөнд ороод буй. Гэсэн ч ачлагын компанийнхан ажил ихтэй л байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар ачих, журамлах үйл ажиллагааг 10 км дотор л явуулахаар тусгасан. Учир нь иргэний автомашиныг ачсан тохиолдолд тухайн иргэнийг 10 км-ээс илүү хол замд явуулахгүй байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 74 компани ачиж, журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр гудамж, замд дүрэм зөрчиж зогсдог тээврийн хэрэгсэл, ялангуяа үүнээс үүдэлтэйгээр зохиомол ачаалал үүсэх байдал харьцангуй багасч байгааг бид харж байгаа. Албан мэдээгээр өнгөрсөн онуудтай харьцуулахад хөдөлгөөний хурд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Иргэдээс ирж байгаа гомдол саналын тухайд, ачиж, журамлахдаа жолоочид хэлээгүй, мэдэгдээгүй гэсэн асуудал их ярьдаг. Энэ талаар Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд "Ер нь бол бид заавал мэдэгдэж байх үүрэг хүлээдэггүй" гэдгийгхэллээ. Ямар нэгэн байдлаар тухайн авто замыг чөлөөлөхөөр албадлагын арга хэмжээ авч, зөөж шилуүүлэх ажлыг хэрэгжүүлэх л үүрэгтэй юм байна. Ийнхүү ачиж, журамлах үйл ажиллагааг явуулсны дараа аж ахуйн нэгжүүд 1800-1200 гэсэн тусгай дугаарт тухайн ачсан автомашиныхаа дугаарыг бүртгүүлэх ёстой. Ингээд оператороос хаана, хэдэн төгрөг тушаах зэрэг мэдээллийг жолоочид мессэжээр болон аман хэлбэрээр өгч ажилладаг.
Сүүлийн үед цахим ертөнцөөр 10 км дотор ачсан автомашиныг төлбөрөөс чөлөөлнө, журмын хашааны төлбөрийн 10 хувийг чөлөөлнө гэх мэт мэдээллүүд их цацагдаж байгаа. Тэгвэл энэхүү мэдээлэл нь ташаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. НИТХ-аар тогтоохдоо тухайн автомашиныг ачиж, зөөвөрлөсөн хугацааны буюу уг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн ААН нь тухайн өдрийн автомашин түр саатуулах байранд байрлуулсан төлбөрийг төлөхгүйгээр зохицуулалт хийж өгсөн. Жишээ нь, суудлын автомашин ачиж, журамлуулсан төлбөр болох 60 мянган төгрөгийг төлсөн бол тухайн өдрийн журмын хашааны 5000 төгрөгийг төлөхгүй гэсэн үг. Харин автомашинаа хонуулсан бол хоёр дахь өдрөөс 5000 төгрөгийг тооцож эхлэх юм.
Ачиж, журамлах үйл ажиллагааг явуулах гудамж, замуудыг ААН байгууллагуудад хуваарилж өгсөн. Ингэхдээ тус байгууллагын байрлал, журмын хашаануудын байрлалыг харгалзан үзсэн байна. Ачиж, журамлах үйл ажиллагаа өглөөний 08:00-20:00 цаг хүртэл явагддаг.Харин бусад үед цагдаагийн байгууллагын ажилтны гаргасан шийдвэрийн дагуу гудамж, зам талбайд дүрэм зөрчсөн автомашиныг ачуулна.
Дээрх журамд "дугаараа үлдээсэн автомашинд мэдээлэх" тухай тусгаж оруулах нь эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ард түмнийхээ цаг, санхүүг хэмнэх чухал ач холбогдолтой болно. Учир нь хот төлөвлөлт, хүн амын нягтаршил зэргээс шалтгаалж зогсоол бий болгох зай завсар үлдээгүй гэхэд болно. Тэр ч бүү хэл хотын төвөөр давхар гараш барих аргагүй болсон. Иргэдийн зүгээс гарч байгаа бас нэг санал бол зогсоолоо шийдээгүй байгууллагын гаднаас автомашинаа ачуулсан тохиолдолд тухайн байгууллагаас "зогсоолоо шийдээгүй тул ачуулсан" гэдэг үндэслэлээр торгуулийг төлүүлэх хэрэгтэй гэж байгаа юм.
Эцэст нь аливаа асуудлыг шийдвэрлэхдээ дан ганц асуултанд хариулт авах судалгаа төдийхнөөр бус, иргэдээс санал цуглуулах, хамтран хэлэлцэх байдлаар шийдвэл илүү үр дүнд хүрэх боломж харагддаг юм.
Нийслэлийн хэмжээнд өдөрт 100-150 автомашин ачигдаж байна. Жолооч нарын хувьд мөн үүргээ ухамсарлан, дүрмийнхээ дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох нь нэн тэргүүний ухамсар гэдгийг сануулахад илүүдэхгүй биз.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ