Иргэд офшорчдыг нэр дэвшүүлэхгүй байхыг хүсэв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан тойргийнхоо иргэдэд танилцуулах тайлангийн уулзалт үргэлжилж байна. Өнөөдөр тэрээр БЗД-ийн 16-р хорооны иргэд, сонгсогчидтой тайлангийн уулзалт зохион байгууллаа.

Ингээд уулзалтын эхэнд хууль, тогтоомжийн талаар товч мэдээлэл өгсөн бөгөөд тус хороонд гүйцэтгэсэн ажлаа тайлагнав.

Энэ удаагийн уулзалт хийж байгаа 16-р хорооны хувьд эх орончдын буюу голчлон батлан хамгаалах салбарын харьяаллын иргэд хөдөлмөрчид оршин суудгаараа онцлог юм байна. Тиймээс өчигдөрхөн хэлэлцүүлэг зохион байгуулагдсан сэдэв болох цэргийн тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг энд хөндлөө. Үүнтэй зэрэгцэн багш нарын тэтгэвэр тэтгэмжийн болон хамтын тэтгэвэрийг оноор ялгаварласанд гомдолтой байгаагаа хэлж байсан юм.

16-р хороо нь голчлон байр хороололтой юм. Гэвч анх 1987 онд булгийн эх дээр баригдаж ашиглалтад орсон 16-рбайрны хувьд нөхцөл байдал хүндэрч, нурах хүртэл эрсдэлд ороод байгаа талаар олон иргэн хэлж байлаа. Түүнчлэн дахин төлөвлөлтийн асуудлаас болж иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар дуулгав. Тухайлбал, дахин төлөвлөлт хийхээр төлөвлөсөн газрыг чөлөөлж өгсөн өрхүүдийн цаашдын амьдралд анхаарлаа хандуулахыг хүслээ. Мөн дахин төлөвлөлт хийх компанийг тусгай зөвшөөрөлгүй байж зарим айл өрхийг элдвээр дарамт шахалт үзүүлэн хөөж байна гэсэн юм. Энэ талаар өмнө нь иргэдийн зүгээс өргөдөл өгч, мэдээллийн хэрэгслээр хүртэл цацаж байжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл өргөдлийн хариу нь ирээгүй тул яаралтай асуудлыг шийдвэрлэж өгөхийг сануулсан юм. Энэ асуудлыг ӨБХ-ны дарга Ж.Батзандан хэлэлцүүлгээр шийдэх нь зөв хэмээн үзлээ. Тодруулбал, иргэд бүлэг байгуулаад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид болон холбогдох компанийн захирал, удирдлагуудын хамт шууд нээлттэй хэлэлцүүлэг хийгээд гарц гаргалгааг нь гаргаж ирэхээр болов.

ӨБХ-ны дарга УИХ-ын гишүүн Ж.Батзандан Офшорын тухай хуулийн төслөө өргөн мэдүүлчихээд ирлээ гэдгээ энэ үеэр дуулгасан юм. Уулзалтанд цугласан олны зүгээс онцгойлон захиж байсан хүсэлт бол мөн офшор данстай холбоотой байв. Тухайлбал, тус хорооны иргэн н.Энхтуяа офшор данс нь илэрсэн улс төрчдийг энэ сонгуулиар нэр дэвшүүлэхгүй байх ёстой хэмээн үзэж, шударга журмыг тогтоож өгөхийг хорооныхоо иргэдийн өмнөөс хүсч буйгаа илэрхийллээ.

Энэ мэтчилэн олон асуудлаар санал солилцсон бөгөөд уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Урьд нь дахин төлөвлөлт гэж байгаагүй учраас бухимдал байгаагүй юм. Урьд нь сайн хашаа хөтөлбөр гэж байгаагүй учраас бухимдал байгаагүй юм. Ер нь ажил хийх гээд эхлэхээр бухимддаг юм. Гэр бүлд ч гэсэн эхнэр, нөхөр хоёр ажил хийж байгаад л хоорондоо маргалддаг биз дээ. Зүгээр суугаад байвал хэзээ ч маргалдахгүй шүү дээ. Тэгэхээр ажил хийж байгаа хүмүүс хоорондоо хаяа санал зөрөх юм байна. Тэрийгээ хэн хэн нь зохицуулснаар хамтдаа урагшилна." гэснээр уулзалт өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ