Гучин обьектийн хөрөнгөөр гуравхан хоног наадна

Гоё сонсогдож байгаа биз. Төрөх эмнэлэг тав, ерөнхий боловсролын сургууль 10, цэцэрлэг бүр 30-ыг барих хөрөнгөөр наадмын төсөв гаргажээ. Тэр нь 50 тэрбум төгрөг юм. Өмнөх наадмуудаас 50 дахин өссөн тоо гарчээ. Өнгөрсөн жил ганц тэрбумаар наадаад болоод байж.

Гэтэл өнөөдөр болохоо байсан нь хачин. Чухам юунд зарцуулахыг нь хальт харвал харц далдичих аж. Төв цэнгэлдэхэд 2000 суудал нэмнэ. Машины зогсоол барина. Тэнд 3000 машин тавина ч гэх шиг. Балай, балай юм их байна. Урсгал зардал гээд дөрвөн тэрбумыг зоочихсон харагдана. Өнгөрсөн жилийн наадамтай харьцуулъя.

Үндэсний бөхийн салбар хороонд 90 сая төгрөг гаргаж байсан бол энэ жил 97 сая болгожээ. Соёл, урлагийн салбарт 82 сая төгрөг зарцуулсан бол өнөө жил 970 сая төгрөг болчихсон тууж явна. Солиотой гэмээр ийм хачин юм бас байх аа. Төрийн ёслол хүндэтгэлийн салбар хороонд 112 сая төгрөг төсөвлөдөг байсан бол одоо 574 сая төгрөг болгон нэмээд авчээ.

Энэ бол зүгээр л ууж, идэх хөрөнгө билээ. Наадмын хоёр дахь орой ганцхан тохиодог хүндэтгэлийн хүлээн авалтын мөнгө гэхэд бараг болно. Монголчууд ярьдаг даа, “Цаг цагт нэг цадна. Цагаан сараар нэг цадна” гэж. Тэр шиг “Наадмаар нэг сайн цадах” тухай л юм болоод байх шиг ээ. Хажууд нь тэр “Хүй долоон худаг” гэж нэг юм байна. Морь уралдаад л өнгөрчих талбайг ямарч их үнээр тохижуулдаг юм бэ? Түүнд 322 сая төгрөг хаях болжээ.

Монголын хөрөнгийг ч ёстой нэг буруу, солгойгүй цацах бололтой. Манай төр, засгийн удирдлагуудын толгойд баяр, наадам гэхээр мөнгө л буудаг болжээ. Тэрийгээ тэгээд яаж зохицуулах нь падгүй юм байна. Төлөвлөөд, төсөвлөөд хийсгээд байхад л болох нь ээ. Энэ бүхнээс юу харагдана вэ гэвэл, бид наадаж чадахаа ч байх нь.

Өөрөөр хэлбэл, баяр, наадам тойрсон эрүүл бус үзэгдэл газар авчээ. Энэ их аюултай. Сургууль, цэцэрлэг дутуу, барих хөрөнгө алга гэдэг хэрнээ хэд, хэдэн тийм обьект босгох мөнгөөр гуравхан хоног наадчихаад байвал юу болох юм бэ?

Нэг бол бүр олон улсын чанартай наадам болгочихоод гадны зочид, төлөөлөгчид, жуулчдаас гаргаснаа нөхөөд авчихдаг болмоор. Яг Олимп шиг. Эс тэгвэл ингэж яах юм. Арай хэтэрнээ, бид.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ