НЗДТГ-ын байрыг европ загварын зургаан давхар барилга болгоно
Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын байрыг шинэчлэх нэрийдлээр газрыг нь хотын удирдлагууд Голомт банкинд зарах гэж байна гэсэн бор шувуу нисэх болсон. Дээрх мэдээллийг нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа үгүйсгэж, тайлбар хийлээ.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын Тэргүүлэгчид тавдугаар сарын 16-ны өдөр хуралдаж, 1947 онд ашиглалтад оруулж, 2007 онд буюу есөн жилийн өмнө актлагдсан НЗДТГ-ын байрыг концессын гэрээгээр шинэчлэн барих асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд Голомт банкны хөрөнгө оруулагч“Голомт фаннэйшнил групп” компанитай концессын гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлээр болжээ. Тодруулбал, Нийслэлийн концессын зүйлийн жагсаалтад нийслэлийн Засаг захиргааныI байр буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг спорт заалтай нь хамт буулгаж, шинээр барих төсөл багтсан аж. Төслийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас Концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаж, шалгаруулалтад “Голомт фаннэйшнил групп” компани шалгарчээ. Тус компани нийслэлийн Засаг даргын Тамгын газрын одоогийн байрыг буулгаж, өөрийн хөрөнгөөр шинэ барилга барих юм.
ШИНЭ БАРИЛГАД НИТХ БАЙРЛАНА
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны ард буюу ертөнцийн зүгээр баруун талд нь залгаад спорт заал байдаг. Энэ спорт заалнийслэлийн өмч мөртөө заалны доод тал буюу хонгил хэсэг дэх автомашины зогсоол, гарааш нь Голомт банкны өмч ажээ. Нийслэлийн өмнөх удирдлагуудын шийдвэрээр ийм өмчлөлтэй болсон аж.
Сонгон шалгаруултаар гүйцэтгэгчээр тодорсон “Голомт фаннэйшнил групп” компани одоогийн актлагдсан байрыг спорт заалны хамт буулгаж,төмөр бетонон карказан хийцтэй зургаан давхар, нэгдсэн зоорийн нэг давхартай,нийт 17 мянга037 метр квадрат талбай бүхий барилга болгонөөрчлөх юм байна. Барилга ашиглалтад орсны дараа доод гурван давхрыг хотын захиргаанд гүйцэтгэгч компани шилжүүлэн өгч, дээд гурван давхарт нь өөрсдөө үйл ажиллагааг явуулахаар талууд тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, хот нэг ч төгрөг гаргахгүйгээр ашиглалтаас гарсан хуучин байр, спорт заалаа шинэчилнэ гэдгийг албаны хүмүүс хэллээ. Гэхдээ шинээр баригдах барилгад НЗДТГ байрлахгүй, НИТХ байрлахын зэрэгцээ нийслэлийн түүхийг илтгэх хотын музей байгуулж, олон улсын зочид, төлөөлөгчдийг угтан авч, хурал, сургалт зохион байгуулдаг газар болгохоор төлөвлөжээ.
НЗДТГ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ТӨВХНӨНӨ
НЗДТГ төлөвлөсөн хүрээндээ СХД-ийн 21 дүгээр хороолол, Ханын материалын захын баруун хойх нь баригдах 20 давхар шинэ барилгадаа нүүн очих юм байна. Концессын гэрээгээр баригдах барилга барих компанийг олж, эхний ээлжийн гэрээнд талууд гарын үсэг зуржээ.Барилгын ажил энэ зундаа багтаад саадгүй эхэлбэл хоёр жилийн дараа буюу 2018 онд хотын захиргаа шинэ байртай болж, түүн рүүгээ шилжин очно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ