Л.Эрхэмбаяр: Нэр дэвшигчээс 20 саяас илүүг нэхэх ёсгүй

Баянзүрх дүүргийн АН-ынхан УИХ-д нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн татвар нэхсэн тухай мэдээлэл олон нийтэд ил болж их хэмжээний татвар нэхсэн нь олны шүүмжлэлийг багагүй хүртээд байгаа юм. Энэ асуудлыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас тодрууллаа.

-Баянзүрх дүүргийн АН-ынхан нэр дэвшигчдээс онц их хэмжээний мөнгө нэхсэн байсан. Үнэхээр нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг босго болгон нэхдэг юм уу?

-Ардчилсан намын Үндсэн дүрмийн 8.1.1 дэх заалтад “Татварын хэмжээг журмаар тогтооно. Тогтоосон хэмжээний татвар, дэнчингээс илүү хөрөнгө, эд зүйлс, мөнгийг аливаа шатны сонгуульд нэр дэвшигч болон сонгуульт гишүүнээс шаардахыг хориглоно” гэж заасан байдаг.

-Тогтоосон хэмжээ гэхээр хэдэн төгрөг байдаг бэ?

-Үндэсний зөвлөлдөх хорооноос баталсан татварын журамд УИХ-д нэр дэвшихээ илэрхийлсэн нэр дэвшигч 20 сая төгрөг төлөх заалттай. Өөр татвар авахыг хориглосон байдаг.

-Намын дүрмийг зөрчин 100 сая төгрөг нэхсэн Баянзүрх дүүргийн АН-ын шийдвэрийг хэрхэх вэ?

-Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн зүгээс намын дүрэмд заасан заалтыг давсан татвар нэхэхийг хориглосон албан бичгийг намын анхан шатны байгууллагууддаа хүргүүлсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ